Шадар сайд Ц.Оюунбаатар ОБЕГ-т ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-22 14:41:31

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын агентлагуудтай танилцах ажлаа ОБЕГ-аас өнөөдөр эхлэв.

ОБЕГ-тай танилцах хүрээнд Шадар сайд Ц.Оюунбаатар нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гамшиг судлалын хүрээлэнгийн ажил болон шинээр барьж буй гамшгийн үеийн удирдлагын  барилгын явцтай танилцав. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан нэг бүр нь 164 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн шуурхай ажлын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Аврах тусгай анги, Увс аймгийн Онцгой байдлын газарт өгснийг хүлээлгэн өглөө.

Шадар сайд Ц.Оюунбаатар энэ жил улсын хэмжээнд 304 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь сүүлийн  жилүүдийн нийлбэрээс илүү боловч, галд амь насаа алдсан иргэдийн тоо буурсан нь баярлууштай,  харин  үер усны осолд өртөх иргэдийн тоо буурахгүй байгааг анхааруулсан. Үүний зэрэгцээ онцгой байдлын салбарын цаашдын бодлого, чиглэлд  ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан ажиллах шаардлагатайг онцолж байв. Олон нийт, ард иргэдэд гамшиг осол, түүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй,  бодлоготой,  системтэй мэдлэг мэдээлэл өгч, боловсрол олгохдоо онцгой байдлын албан хаагч бүр багш хүн шиг  үүрэг хүлээн ажиллахыг захилаа. Түүнчлэн төрийн нийт албаны төдийгүй төрийн тусгай албан хаагчдын ёс суртахуун, сахилга хариуцлага, цэрэгжилт үлгэр жишээ байх ёстой гээд хөрөнгө мөнгө гаргахгүй хийж болох том ажил бол сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдал гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд