Ардчилсан социалист хөдөлгөөн 30 жил

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-12-27 17:07:44

Улсын хороо хэмээх тодотголтой төрийн байгууллага салбар хооронд (яам)-ын бодлого зангидаж байжээ. Энэ бол 30 жилийн өмнөх төрийн бүтэц нэршил. Тэр үеийн нэр, томьёог нэхэн санах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Ийм статустай байгууллагуудын нэгэнд тухайн үед доорх  үйл явдал болжээ.


Удирдах ажилтнууд (газар, хэлтсийн дарга)-ыг коллегийн өрөөнд  цуглах зар таржээ. Зар тарах нэг хэрэг. Харин ирц бүрдэх нь тодорхой хугацаа шаардана. Яагаад гэхээр олон хүн оролцох  ёстой. Тэднийг хүлээх хооронд цөөн хүн хоорондоо “буу халах” нь тэр. Ярианы сэдэв зарлагдаад удаагүй байгаа “Ардчилсан холбоо”-ны талаар байжээ. “Ардчилсан холбоо” байгуулагдан цуглаан хийж намын төв хорооны Улс төрийн товчоог огцрох шаардлага тавилаа.  Ийм нөхцөлд МАХН ямар байр суурь баримталж байгаа юм бэ гэдэг руу гулсан оржээ. Гэтэл  улс төрийн “далд гар” залуучуудын өөрчлөлт, шинэчлэлтийг бүх шатанд гүнзгийрүүлнэ гэдэг зөв.  Энэ бол МАХН-ын бодлоготой тохирч байна. Харин ард түмэн “Ардчилсан холбоог” хүчтэй дэмжлээ. Ингэсэн  нөхцөлд асуудлын гол нь “ Ардчилсан холбоо”-нд бус. Харин тэднийг талархан хүлээн авч хөхиүлэн дэмжсэн,  ард түмний хүчийг саринуулах ёстой боллоо гэж МАХН үзэж байгаа. Ард түмний дэмжлэгийг сааруулахын тулд  янз бүрийн хөдөлгөөн, холбоо байгуулна. Шинэ хөдөлгөөн, холбоонд эхний ээлжинд Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтнуудыг МАХН-ын Улс төрийн товчоо бодлогоор байршуулна. Тэгэж  ард түмний дэмжлэгийг сулруулна гэх утга бүхий мэдээлэл тарав.  Энэхүү “буу халалт”-ын  өдөөгч нь тухайн байгууллагын тулхтай ажилтнуудын нэг МАХН-ын гишүүн Цэгмид гэдэг хүн  байсан аж. Өдөөгчийн тусламжтайгаар  “Буу халалтын” үр дүнд Улсын хорооны ажилтнуудад дээрх мэдээллээ тараасан байна. Дараа нь  албан ёсны уулзалт эхэлжээ.


Нэгэнт 1989 он дуусаж байгаа учир салбар хоорондын уялдаа холбооны талаар ярьж мэргэжилтэн бүр хариуцсан ажлаа сайн хийх талаар үүрэг чиглэл өгсөн аж. Мэдээжийн хэрэг тэр нь жил бүрийн төгсгөлд (12 дугаар сарын 25,26-нд) болдог жижүүрийн уулзалт байсан байж таарна. Энэхүү уулзалтын өмнө өдөөгч (Цэгмид)-ийн оролцоотойгоор улс төрийн ”далд гар” албан бусаар мэдээ мэдээлэл аппаратын ажилтнуудын дунд  тараасан нь содон байсан болов уу. Харин он дуусахтай зэрэгцээд МУИС-ийн багш нарын дундаас Ардчилсан социалист хөдөлгөөн (АСХ)  мэндлэх нь тэр (1989-12-28). Үйл явдлыг ингэж хөөн үзвэл улс төрийн “далд гарын” тараасан мэдээлэл, байгуулагдсан хөдөлгөөн хоёр салшгүй хүйн холбоотой байж болзошгүй.


АСХ-ий санаачлагчид Р. Хатанбаатар, П.Улаанхүү, Д.Ламзав гээд цаашаа хөвөрнө. Тэдний хувьд урьд нь “Ардчилсан холбоо” байгуулагдсан байсан тул айх, гайхах ямар нэг эргэлзээ байгаагүй биз. Гэхдээ хүрээгээ тэлэх өөрсдийгөө ойлгуулах гэх мэт олон олон шинэ зүйлтэй тулгарсан нь ойлгомжтой.  


Тус хөдөлгөөн 1990 оны нэгдүгээр сарын 21-нд (Лениний нас барсан өдөр) Сүхбаатарын талбайд болсон бүх нийтийн цуглаанаар урт хөлтэй жижигхэн (МУИС-ийн хичээлийн байруудад тэр үед байдаг байсан) ногоон модон самбар дээр цаасан дээр Ардчилсан Социалист хөдөлгөөн гэж бичсэн бусдаас ялгарах таних тэмдэг бүхий лоозон барьсан хэсэг нөхөд (оюутан голцуу) ордны зүүн урд үзүүр, талбайн зүүн хойд өнцгөөс орж ирж жагсагсадтай нийлж байсан юм. Тэгээд ч тэдний төлөөлөл болох математикийн хүрээлэнгийн захирал Р.Гочигдорж “Ардчилсан холбоо”-ны бодлого үйл ажиллагааг  АСХ бүрэн дэмжинэ” гэх утгатай үг хэлсэн юм билээ. Энэ цуглаан дээр ийм хөдөлгөөн байгуулагджээ гэж бүх нийтээр мэдэж эхэлсэн нь тэр биз.


Ер нь 1989 онд өөрчлөлт, шинэчлэлт гэж ярьдаг байсан. Гэвч олон зүйл тодорхойгүй байжээ. Түүнтэй нэгэн адил АСХ юуны учир яаж байгуулсан талаар бас л учир битүүлэг үлдсэн гэж хэлж болно. Сэхээтнүүдийг олноор нь нэгтгэсэн хөдөлгөөн, холбоо байгуулах чадамжтай, зохион байгуулалт нэгдмэл удирдлагатай бүтэц тэр үед МАХН, Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ)  байсан гэж ярих юм билээ. Гэдээ Их, дээд сургуулийн багш нар АСХ байгуулж, манлайлсан. Улмаар багш, эмч нар гишүүд, дэмжигчдийн гол цөм нь болсон байдаг.


Түүний дараа “Шинэ дэвшилт холбоо” (ШДХ) байгуулагсан юм билээ. Түүнд Их, дээд сургуулийн багш нараас гадна, санхүү, банк, технологийн салбарынхан, яам тамгын газрын дунд, доод албан тушаалтнууд орсон  аж. 1989-1990 онд эвсэл холбоо борооны дараах мөөг шиг дэлгэрсэн. Харин зорилго чиглэл нь юу байсан юм бэ? Үнэхээр улс төрийн “далд гарын” хэлсэн шиг “Ардчилсан холбоог” дэмжсэн ард түмний дэмжлэгийг сулруулах үүрэгтэй байсан уу, үгүй юү гэдгийг одоогоор судалж тогтоосон зүйл алга байна. Үйл явдалд оролцсон хүмүүсийн ашиг сонирхол хөндөгдөхгүй болсон нөхцөлд энэ талаар илүү олон зүйл тодорно.


Тус хөдөлгөөнд санаачлагчдын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг тусдаа зүйл. АСХ-ийг  30 жилийн өмнө байгуулжээ. Түүнээс хойших зүйлийг энд нурших нь илүүц болно. Тэр бүхэн 1989-1990 онд өрнөсөн үйл явдлын 30 жилийн ойн эргэн тойронд урьд, урьдынхаасаа илүү энэ жил тодорхой болох боломжтой. Үнэнийг ард түмэнд хэлэхэд тодорхой улс төрчдөөс иргэний зориг шаардах биз ээ. Гэхдээ үнэн гэдэг харьцангуй ойлголт шүү дээ. Нэг нь үнэн гэж байхад, нөгөө нь үгүйсгэнэ. 

Холбоотой мэдээ