Мал тооллогын үеэр 5 аймагт хяналтын тооллого давхар хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019
оны жилийн эцсийн мал тооллого дуусаад байна.
Энэ жилийн мал
тооллогоор ҮСХ 5 аймагт хяналтын тооллого явуулжээ. Тодруулбал, мал тооллогын
явцад малын шилжилт хөдөлгөөн, малын хулгай, малын зүй бус хорогдлын мэдээг
давхар цуглуулсан байна. Хяналтын тооллогыг тухайн аймгийн нийт малчин өрхийн
10 хүртэл хувьд хийсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ.
Малчид энэ жилийн мал
тооллогод идэвхтэй оролцож, аймаг, сум, багийн Засаг дарга нар болон аймаг,
сумын Төрийн сангийн ажилтнууд, Мал тооллогын комиссынхон малчдыг мэдээллээр
ханган сайн хамтарч ажилласан талаар ҮСХ-ны статистикч Н.Мягмарханд хэлж байна.
Энэ жилийн тооллогоор бог болон бод малын зөрөө гараагүй, малчид хашаа
хорооныхоо мэдээллийг хүртэл гаргаж өгсөн байна.
Хяналтын тооллогыг мөн малчин
айл өрх өөрийн унаган малаа бойжуулж буй эсэх, эсвэл өрх дээрээ энд тэндээс
мал авчирч зарж борлуулж буй эсэх, зүй бус хорогдол хэр байна гэдгийг тоон
мэдээллээр болон малчдын санал асуулгаар авсныг хэлж
байна. Мөн малын хулгайтай холбоотойгоор алдсан болон олдохгүй байгаа малын
тоог хамруулах үүднээс балансын үзүүлэлтийг давхар шалгажээ. Мал
тооллогын урьдчилсан дүн энэ 7 хоногт гарна.
Б.Болд