Сэлэнгэ аймгийн хэмжээнд хууль бус мод бэлтгэх явдал багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-24 10:11:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хууль бус мод бэлтгэх явдал харьцангуй багассан байна. Энэ нь ойн сангуудаа эзэнтэй болгосон явдал гэнэ.  

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 168 нөхөрлөл ажиллаж байгаа бөгөөд аймгийн нийт ойн сангийн 53.2 хувийг эдгээр нөхөрлөлүүд эзэмшиж байгаа аж. Тэд ойн сангаа эзэмшээд хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ойн арчлалтыг сайжруулах бас нэгэн арга бол бүх байгууллага мэргэжлийн болохын зэрэгцээ магадлан итгэмжлэлд орох ёстой аж. Ингэснээр эдийн засгийн үр ашигтай болохоос гадна тухайн мэргэжлийн байгууллагыг зах зээлд гарахад нэрийн хуудас нь болж өгөх гэнэ. Мөн нийгмийн ашигтай болж, ногоон ажлын байр бий болж, эдийн засгийн эргэлтэд орно хэмээн аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа ярилаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн ашиглалтыг нэмэгдүүлэх, цаашлаад үр ашигтай ашиглах асуудлыг улам сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд “Ойн ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ойн нөхөрлөлүүдийн удирдлага, байцаагчид оролцжээ. Энэхүү үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, мэргэжилтэн Р.Ганбат болон бусад хүмүүс оролцож илтгэл тавьжээ.   

Холбоотой мэдээ