Хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-12-23 21:26:13

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 20-ны өдөр хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү амиа алдаж, ой гаруйтай хүү эмнэлэгт хүргэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт уг аймшигт хэрэг гарчээ. Өмнө нь ял эдэлж байгаад өнгөрсөн намар есдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээд тус аймгийн Нийгмийн даатгалын газар ажилладаг нэгэн эмэгтэйтэй хамт амьдарч байсан гэх. Уг эмэгтэй нь ой гаруйтай болон хоёр настай хүүхэдтэй аж. Улмаар эл өдөр хамтран амьдрагчтайгаа согтууруулах ундаа хэрэглэж хоёр настай хүүгээ хойд эцгийнх нь гарт алдсан байна. Хүүхдүүдийг хойд эцэг нь зодсон бөгөөд харамсалтай нь хоёр настай хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хүүхдүүдийн хойд эцгийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа аж. Хэрэг гарах үед хүүгийн ээж согтуу байсан гэдгийг эх сурвалж өглөө. Хойд эцэгтээ зодуулсан ой гурван сартай хүү одоогийн байдлаар биеийн байдал нь сайн биш Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ хэргийн талаар Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад хэрэг гарсан нь үнэн, гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэж тайлбарлав. 


Холбоотой мэдээ