Гадаадын оюутнууд АНУ-д сурахаар тэмүүлдгийн учир

Дэлхийд | Боловсрол
sarnai@montsame.mn
2016-04-19 18:27:33

ВАШИНГТОН. /VOA/. АНУ бол гадаадын оюутнуудын очиж суралцахыг хамгийн ихээр хүсдэг улс орон байгаа хэвээр бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд ойролцоогоор 900 мянга  гаруй хүн АНУ-д суралцахаар иржээ.

Гадаадын оюутнууд АНУ руу суралцахаар явдгийн учир юу вэ? Олон шалтгаан байж болох ч оюутнууд дорх гол дөрвөн шалтгааныг онцолж байна:

1. Хичээлийн хөтөлбөр нь маш чамбай - Олон төрлийн хичээлийг сонгон суралцаж болох дэлхийд алдартай хэд хэдэн их сургууль болон коллежууд АНУ-д байдаг.

Хопкинсын Их Сургуулийн сурагч Кван Ён Ли ахлах сургуулийн сурагч байхдаа АНУ-д суралцахаар иржээ Тэрбээр "АНУ-ын дээд боловсрол бол хамгийн нэр хүндтэй нь" дүгнэж байна. Мөн “энд сонгох боломжтой маш олон сонголтууд байдаг. Харин манай улсад ийм боломж хомс” хэмээн Кван Ён Ли ярилаа.

2. Мэргэжлээрээ ахиж дэвших боломж олгодог сургалтууд - Суралцахын зэрэгцээ суралцаж буй мэргэжилтэй нь холбоотой болон холбоогүй янз бүрийн клубууд болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд оюутнууд идэвхтэй оролцдог.  Эдгээр клубууд нь оюутнуудад өөрсдийн ажил мэргэжилдээ ахихад нь хэрэг болох практик ур чадварыг эзэмших боломжийг олгоно. Жишээ нь, Жоржтауны Их Сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд  гэхэд Мэргэжлийн Сэтгүүлчдийн Холбооны тухайн сургууль дахь салбар зөвлөлд нэгдэж болно. Ингэснээр оюутнууд хурал чуулганд оролцож, танилуудын хүрээгээ өргөтгөн холбоо тогтоох боломжтой бөгөөд хичээлийн танхимд сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг. 

3. Тодорхой мэргэжлийн чиглэлийн номын нөөц, сан хөмрөг - АНУ-ын маш олон сургуулиудад ном,видео бичлэг, эрдэм шинжилгээний сэтгүүлүүд гэх мэт сурч боловсроход нь оюутнуудад маш хэрэгцээтэй бүхий л зүйлс, бусад газраас хайж олоход түвэгтэй олон мэргэжлийн чиглэлийн номын баялаг нөөцтэй байдаг. 

Жоржтауны Их Сургуулийн оюутан Сук Хван Кан-ы ярьснаар, түүний хувьд эх орондоо буюу Өмнөд Солонгост суралцаж байхдаа англи хэл дээр бичигдсэн номуудыг олж уншихад нэлээд хэцүү байжээ. Мэргэжилтэй нь холбоотой орчуулгын ном болон англи хэл дээрх номууд ховор байдгаас тэрбээр Өрнөдийн түүх судлаач гэсэн мэргэжлээр сургуулиа дүүргэхэд хэцүү болов. Харин АНУ-д ирээд өөрт нь хэрэгтэй номуудыг ямар ч асуудалгүйгээр олж авсан гэнэ.

4. Гүнзгийрүүлсэн түвшний англи хэлний хөтөлбөр – Оюутнуудад англи хэл сурахад нь туслахын тулд олон дээд сургуулиуд болон хувийн англи хэлний сургуулиуд хэлний курс хичээллүүлдэг. Гадаадын зарим оюутнууд эдгээр хичээлүүдэд хамрагдан их сургуульд орох бэлтгэлээ хангахын тулд АНУ-г зорих  нь олонтоо. Зарим нь Америкийн амьдралтай танилцангаа англи хэл сурахаар ирдэг бөгөөд зарим нь дадлага хийж байхдаа, мөн ажиллангаа англи хэлний мэдлэгээ сайжруулж байна. 

"АНУ-д дадлагын ажлаа хийж эхлэхийн өмнө би хэдэн хэдэн хэлний курст суралцаж англи хэлний анхан шатны түвшинд яриа, бичиг болон унших чадварыг эзэмшсэн" гэж Вашингтон хотын Гадаад хэлний сургуулийн оюутан Кан Хан ярьж байна. "Англи хэлний хөтөлбөр нь Америкийн соёлыг ойлгож мэдэхэд тус болсон" гэдгийг тэрбээр дурдав .

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ