Тамирчдын амжилтыг үнэлэх тусгай санхүүжилттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-16 17:22:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид аймгийн Засаг даргатай уулзаж дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн амжилттай оролцсон талаараа танилцууллаа.

Аймаг орон нутгийнхаа нэрийг улсдаа төдийгүй тив дэлхийд гаргаж яваа шигшээ багийнхны хувьд Олон улсын хэмжээний мастер 4, Спортын мастер 6, Дэд мастер 6 байдаг бөгөөд Баянхонгор аймгийн түүхэнд үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил түрүүлээд байгаа амжилтыг үзүүлээд буй Э.Батмагнай нь шигшээ багийн тамирчин юм. Саяхан болж өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээнээс тус багийн тамирчин Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаад байгаа бол Ази тивийн аваргаас 2 алтан медалийг эх орондоо авч ирсэн өндөр амжилтыг Баянхонгор аймгийн чөлөөтийн шигшээ баг үзүүлээд байна. Тэд 2020 онд Залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож, олимпод оролцох эрхээ авахын тулд бэлтгэлдээ шамдан ороод байгаа аж.

Шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах тус уулзалтын үеэр "Спортыг ямагт дэмжин ажиллаж буй аймгийн Засаг дарга Г.Батжаргал танд гүнээ талархаж байна, ингэснээр шигшээ багийн тамирчдын амжилт илт сайжирч олон тэмцээн уралдаанд тогтмол дээгүүр амжилттай оролцох болсон" тухайгаа  хэлж байлаа. 

Өмнөх онуудад тамирчдын тэмцээний зардал, амжилтыг үнэлэх тусгай санхүүжилт төсөвт бие даан суудаггүй байсан бол Засаг даргын ангилагдаагүй нөөц, бусад эх үүсвэрээс бүрдүүлж тамирчдаа дэмжиж ирсэн байна. Дээрх байдлаар чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдад гэхэд 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Харин энэ удаа шилдэг тамирчдаа дэмжих үүднээс тэмцээн уралдаан, шагнал урамшуулалд 180 сая төгрөг төсөвлөж, ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар баталснаараа Баянхонгор аймаг спортыг дэмжих тал дээр том ахиц гаргаад байгааг аймгийн Засаг дарга Г.Батжаргал дуулгасан юм.

Сонирхуулахад, Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил Баянхонгор аймаг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд тус тэмцээний зардлыг 2020 оны төсөвт суулгаад байгаа юм байна.


Холбоотой мэдээ