Монгол иргэд австраличуудад хандив өргөв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-10 10:04:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсын зарим мужид ойн түймэр дэгдээд байгаа билээ.

Тус улсад сурч, амьдарч ажиллаж буй монгол иргэд түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад австраличуудыг сэтгэл санаагаараа дэмжиж буйгаа илэрхийлж, хандив цуглуулжээ.

Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулснаа энэ сарын 6-нд Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв.

Австралийн Улаан загалмайн нийгэмлэгийн Олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” гэж онцолжээ. 

Холбоотой мэдээ