"МегаСтарс" баг волейболын Дээд лигт анх удаа түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-09 17:41:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 8-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулав.


Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74, нийт 156 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МегаСтарс" баг анх удаа Дээд лигт түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд болсон байна.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас МВХ-той хамтран зохион байгуулсан дээд лигийн тэмцээний хаалтын ёслолд МВХ-ны Удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. Энэхүү 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "Ховд Алтайн барс Хилчин" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. 


Эмэгтэй багуудаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай "Хобби-Эйс" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангав. Лигийн алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм.


Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Үндэсний дээд лиг нь 7 жил завсарласан бөгөөд волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзэгч олондоо хүргэсэн юм.

Холбоотой мэдээ