Оны онцлох ААН-үүдэд шагнал гардуулах ёслол 20-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-07 16:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр оны шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг “Entrepreneur-2019” ёслол энэ сарын 20-нд болно. 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг дээрх ёслолын ажиллагаа 23 дахь жилдээ болох гэж байна.

Оны онцлох ААН “Энтрепренерүүд”-ийг шинээр хийсэн хөрөнгө оруулалт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон болон 40-өөс дээш насны иргэдийг ажлын байраар хангасан, ногоон бизнесийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан зэрэг олон үзүүлэлтээр шалгаруулдаг.

Тодруулбал, “Үндэсний үйлдвэрлэгч энтрепренер”, “Экспортлогч энтрепренер”, “Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч энтрепренер”, “ЖДҮ энтрепренер”, “гарааны бизнес эрхлэгч энтрепренер”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч энтрепренер” зэрэг нийт 44 төрөл номинацаар шалгаруулдаг. Нэг компани гурав хүртэл номинацад нэр дэвших боломжтой юм.


Өнгөрсөн оны “Entrepreneur”-ын тэргүүн дээд шагнал “Гран при”-г “Сүү” ХК хүртсэн юм. Энэ жилийн шагналд нэр дэвшсэн ААН-үүдийн материалыг хүлээн авч байна. Одоогоор “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой”, МОНОС, Remax, “Наран” зэрэг томоохон компаниуд материалаа ирүүлээд байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Б.Болд

Холбоотой мэдээ