“Ар Зайсан” чиглэлд туршилтаар автобус явуулахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас
“Ар Зайсан” чиглэлд Ч:72 буюу “Ханбогд
амралт-Төв номын сан” гэсэн шинэ маршрутын
автобусыг
явуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар НИТХ-ын
тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх чиглэлийн автобусыг
энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулахаар боллоо.
Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхаж буй хүмүүс “Ар Зайсан” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн саналыг удаа дараа ирүүлж тавьжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас дээрх чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөснөө өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 автозогсоол бий бөгөөд том оврын автобус эргэлт хийх боломжтой гэж нийслэлийн Нийтийн тээврийн газар тооцсон талаар мэдээллээ. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар мөн төлөвлөжээ.
НИТХ-ын дарга Р.Дагва, Богд уулын чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахаас гадна мөн бие
засах газар байгуулах шаардлагатайг иргэд хэлж байгааг харгалзан үзэж шийдэх үүргийг Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албанд өгөв. Үүнээс гадна автобус явуулах цаг, хуваарь, эргэлтийг
нарийвчлан тооцож, төлөвлөх хэрэгтэйг хэлэв.