Хүн заяа ноогдоогүй

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-12-04 21:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Японы уран зохиолд дайны хүнд жилүүдэд залуу нас нь өнгөрсөн урын бүтээлчдийг “Алдагдсан үеийнхэн” хэмээдэг. Тэдгээрээс Эдогава Рампо, Ясүнари Кавабата, Юкио Мишима, Коба Абэ зэрэг зохиолчид багтах бөгөөд нэр дурдсан эдгээр уран бүтээлчдийн онцлох зарим зохиолуудтай манай орны уншигчид хэдийн танил болсон билээ. Харин эдгээр “Алдагдсан үеийнхэн”-ий нэгэн томоохон төлөөлөгч буюу Дазай Осамүгийн амьдралын сүүлчийн мөчид туурвисан хоёр романы нэг нь монгол хэлнээ орчуулагдсан буй. Тэр нь дэлхийд Осамүгийн нэрийг алдаршуулсан “Хүн байх эрхгүй” гэх бүтээл.


Түүний жинхэнэ нэр нь Цүшима Шюүжи бөгөөд дайны гашуун утаан дунд ард иргэдийн нүд анилдан бүүдийж, өвчин зовлон, ядуу тарчиг байдал Япон орныг нэрвэсэн Мэйжигийн үе болох 1909 онд хойд хязгаарын Цүгарү нутагт чинээлэг язгууртны гэр бүлд төржээ. Эцэг нь парламентын гишүүний алба хашиж явсан ба улсдаа их хэмжээний татвар төлдөг томоохон газрын эзэн байв. Олон хүүхэдтэй айлийн бага, аав ээжийн хайраар дутуухан өссөн түүнд асрагч эмэгтэй Токү нь үлгэр домог, хууч яриа ярьж өгдөг байснаас үүдэн номд хайртай болж өсчөө. Харин өөрийгөө илэрхийлэх талаар дутмаг, бие султай, аймхай хүү хэдийн аливааг болон “би”-гээ үгүйсгэх үзэлтэн болсон байлаа. Түүний зохиол бүтээлүүдээс өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигтээ үзэгддэг бөгөөд Осамүг амьдралынхаа намтараас сэдэвлэж, нэгдүгээр биеэс хүүрнэх буюу өөрийн алтер-эгог бодитжуулдаг “Би-роман”-ы хэлбэржилтийг гүйцэд боловсруулсан гэж үздэг.


Амьдралынхаа туршид олон удаа үхэх оролдлого хийж тав дахь удаагийнх нь амжилттай болсон юм. Мэдээж түүний намтар болоод зохиолуудаас харахад Осамү өөрийгөө хүн байж хэзээч хүчрэхгүй гэдэгт нэгэнт итгэсэн байсныг таньж болно. Энэ талаар орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан Дазай Осамүгийн намтар уран бүтээлийн талаар монголын уншигчдад анхлан танилцуулсан “Хүн төрөлд тэнцэхгүй” нийтлэлдээ “
Хүмүүсийн зарим нь өөрийгөө эр биед төрсөн эм хүн, эм биед төрсөн эр хүн гэж мэдэрдэг бол Дазай Осаму өөрийгөө хүн төрөлд төрсөн сахиусан тэнгэр гэж боддог байв. Сахиусан тэнгэрт хүний хорвоод уусан нэгдэж, орчлонгийн явдалтай дасан зохицно гэдэг амаргүй байсан биз. Бууж ирсэн орчиндоо мөнхөд давчдаж, хүний нийгмийн тогтсон ёс суртахуунтай эвлэрэх гэж учраа олохгүй тэвдэн байсан нь жир хүмүүст ухаангүй тэнэг, увайгүй муухай, жигшин зэвүүцэм санагдана. Сахиусан тэнгэрт журам сахисан эмэгтэй, буурчийн газрын гэйша хоёрыг ялган үзэх, салган хайрлах шалтгаан үгүй. Сахиусан тэнгэрт бүх хайр нэгэн зэрэг боломжтой. Удаа дараа үйлдсэн амиа хорлох арчаагүй оролдлогуудыг нь ч манай сахиусан тэнгэрийн дээдийн орон руугаа буцах гэж аргаа ядсан арга гээд тайлбарлачихвал ойлгож болмоор ч юм шиг” гэсэн цэвэр урансайхны, шинэ гаргалгааг дэвшүүлсэн байдаг. Энэ бол уран бүтээлчийн талаар уран бүтээлч хүн хийсэн хамгийн гоё дүгнэлт.


Гэвч нөгөө талаас нь авч үзэхэд нь Дазай Осамүгийн үхэх хүсэл нь түүний нэг үзэл бодолтой шууд хамааралтай. “Хүн байх эрхгүй” романы төсгөлд ийм нэг өгүүлбэр бий.


“-Тэр хүний аав нь буруутай шүү.

Эзэгтэй юу ч болоогүй мэт тэгж хэлэв.

-Бидний мэдэх Ёочян |Романы гол баатрын нэр, нөгөө талаар бол Осамү| бол маш дуулгавартай, мөрөөрөө, хүнд их санаа тавимтгай, архи л уудаггүй байсан сан бол, үгүй ээ уудаг ч байсан... бурхан мэт сайн хүү байсан юм”. |“Хүн байх эрхгүй” 138-р тал, орч: Д.Алтанцэцэг|

Энэ нь сурвалжит язгууртны гэр бүлд төрсөн болон аав нь газрын эзэн байсантай холбоотой юм. Октъябрын хувьсгал орос оронд ялалт байгуулахад түүнд Марксизмын үзэл санаа хэтэрхий мэдээжийн зүйлүүд мэт санагдаж байсан ч гагцхүү үнэн байв. Тиймдээ угсаа залгамжилсан сурвалжит язгууртны хүү өөрийн гэр бүлээс, өөрөөсөө жигшиж байв. Тэр бусдын хөрөнгийг шулдаг, баян гэр бүл, энд төрсөн хувь заяанд тэнцэх эрхгүй туурвилч, зураач байсан нь мэдээж. Тиймээс л тэр цаг ямагт үхэхийг хүсэж байвч ямар нэг эмэгтэй өмнө нь гарч ирдэг байлаа. Заримтай нь тэр энгийн амьдрахыг хичээж, заримтай нь хамт үхэхээр шийдсэн. Одоо харин зохиолын тухай ярилцъя.

*           *           *



“Мөн ч ичгүүр сонжуургүй амьдралыг туулж ирлээ”
|“Хүн байх эрхгүй” 9-р тал| Зохиолын эхлэл болох эдгээр өгүүлбэр Осамүгийн намтартай танилцсан, тус бэсрэг романыг өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичсэн гэдгийг уншчихсан хүний хувьд тун энгийн бөгөөд үнэн санагдана. Харин уран зохиолын хувьд бүх зүйл нь оньсого шиг. Гэлээ ч тэр энэ ичгүүр сонжуургүй амьдралынхаа талаар хүүрнэх гэж буйг эхний өгүүлбэрээсээ хэлээд өгөв. Зохиолын эхний өгүүлбэрийг бичих нь зохиолчид хамгийн хэцүү гэдэг. Харин зохиолын туршид өгүүлэгдэх юмсыг эхлэлийн ганцхан өгүүлбэрт багтааснаараа Дазай Осамү “би роман”-ынхаа хэлбэрийг гүйцэт боловсруулсан санагдана. Тэгээд ч “Алдагдсан үеийнхэн” японы уламжлалт бичгийн хэлбэр, уран зохиолын туурвил зүйд дүрмийн өөрчлөлт хийж чадсан гэдгийг судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэдний нэг нь Осамү.


Зохиол гурван хэсэгтэй. Гол дүрийн өгүүлэгч баатарын тэмдэглэл мэтээр бичигдсэн талаар “Төгсгөл” бүлгийн бичилхэн хэсэгт өгүүлдэг. Мөнхүү өөрийнх нь намтартай нэвт шувт холбогдсон тус зохиол нь бичлэгийн онцлог, зохиогчийн амьдрал болон хүний мөн чанарын эргэцүүллээрээ бусад романуудаас эрс ялгарна. Түүнд нэгдүгээр биеэс хүүрнэх туурвил зүйн онцгой арга байсан учир бусад уран бүтээлчид шиг уламжлалт бичгийн хэлбэр дээр Европын ур зүйн элементүүдийг нэмэх шаардлага байсангүй.


Романы эхний хэсэг гол дүрийн баатар Ёочяны өөрийнхөө яруу тод гунигийг бусдаас далдлах гэж хичээсэн, хүмүүсийн нэгнээ хуурах зан араншин, худал хуурмагт гомдож жигшсэн өгүүлбэрээр дүүрэн. Мөнхүү тэр өөрийгөө хүмүүсийн харилцаанаас аварч үлдэхийн тулд инээмсэглэлийн сайн баг олж өмсөх шаардлагатай талаарх хөнгөн ёжлолоо ч марталгүй оруулна. Мэдээж хүмүүст үнэн нүүр царайгаа таниулчих юм бол, айдаст автсан зүрхний өчүүхэн дуу чимээг сонсгох төдийд л бүх зүйл буруугаар эргэнэ.


Харин “Хоёрдугаар тэмдэглэл”-д гарч ирсэн Оосүмигийн дүр бол Ёочян хүүгийн өөр дотор нь орших өөр нэг дүр байв. Ёочян хүү уртын харайлтын хичээл дээр албаар бүтэлгүйтэл гаргаж ангийнхнийгаа инээлгэх боловч үүнийг нь Оосүми мэдчихдэг. Жинхэнэ дүр төрхөө баттай нууж чадаагүйгээс болж Ёочян айдаст автах бөгөөд Оосүмитэй найзлана. Энэ дотоод хүний үнэн мөн чанар нь өөр лүү нь эмэгтэй хүмүүс гүйнэ гэх үгийг айлдаж тэр нь ёсоор болсноор цаашид элдэв олон асуудалд хутгалдах билээ. Үнэндээ зохиогчийн араас мөшгиж байсан үнэн нь “Хүн байх эрхгүй” романы гол бүлгийн эхлэл хэсэгт хэдэн хуудас дамжчихаад алга болсноос өөрцгүй. Харин Хориги бол уран зохиолын дүрээр авч үзэхэд роман дахь зөрчлийг үүсгэж, цааш үйл явдлыг ахиулах гол бодит дүр. Токиог огт мэдэхгүй ичимхий, сул дорой оюутныг тэр л архи уулгаж, янхны газруудад дагуулж явж, ичгүүр сонжуургүйгээр золбироход хүргэдэг.


Энэ бүхнээс үзэхэд Дазай Осамү зөвхөн Япон хүмүүсийн үзэл бодол, уламжлалт ёс заншил, энэлэн зовлонгийн талаар огт хүүрнэсэнгүй. Түүний хүүрнэл, үзэл бодлын зөрчилт байдал, түүнээс үүсэх ухамсарын асуудал, философи бодролууд нь хүн төрөлхтөнд хамаарч байв. Тэд улс үндэстэн гэж ялгалгүйгээр цөм бүхэллэг чанартай нэг зүйл хэмээн үзсэн бөгөөд харин тусдаа ганцхан оршихуй л бүтээгджээ. Тэр нь Осамү өөрөө байв.

*           *           *




Нүгэл гэж яг юу вэ? Энэ нь бидний хийдэг муу үйлдлүүд мөн үү? Ихэнх нь тийм гэж хариулах байх. Харин Осамүгийн хувьд бид хүн болж төрсөн нь цорын ганц нүгэл байв. Романы төгсгөл ойртох тусам гол дүрийн баатар маань энэ асуултанд хариулахыг хичээсээр дээр өгүүлэх гаргалгаанд тулна. Үнэндээ хичээсэн зүйлгүй, урьдаас өөрөө мэдэж байв. Гол нь түүнийгээ нотлохын тулд сайн найзтайгаа энэ тухай ярилцахыг хичээж мөн дотроо эргэцүүлсээр байдаг. Тэгвэл зохиолчийн хувьд хүн болж төрсөн нь, тэр дундаа бусдын хөдөлмөрийг шулан мөлждөг сурвалжит язгууртны гэр бүлд төрсөн нь хамгийн том нүгэл болж хувирав. Нэгэнт хамгийн том нүгэл өөрт нь буй учир хүн байх эрхгүй, үхдэл болох болно. Тэгвэл одоо амьдралаас юу горьдох гэж... Яг л Кафка “Бурхан хүмүүсийг хамгийн муухай ааштай өдрөө бүтээсэн, амьдрал бол эмгэнэлтэй” гэдэг утгатай агаар нэгэн адил.


Ийнхүү романы сүүлийн хүүрнэлүүдэд тодорхой нэг харилцан яриа, үйл явдлын хойно гол дүрийн баатар маань өөртөө нүглийн тухай гурван асуултыг тавьдаг. Яг ч өөртөө биш уншигчдад гэх үү дээ, учир нь зохиол өөрт нь зориулагдаагүй бусдад зориулагдсан эд. Тэр бусдад энэ бүхнийг үнэнээр нь өгүүлэхийн хүссэн. Тийм дээ ч зохиолоо дуусгасны хойно “Би үнэний хойноос гүйж явлаа. Харин одоо үнэн миний хойноос гүйж яваа” хэмээн хэлсэн нь бий.


“Бурхнаас асуусу. Итгэл гэдэг нүгэл юм уу?, Цагаан цайлган сэтгэл гэдэг нүгэл юм уу?, Үл татгалзах нь нүгэл юм уу?” Мэдээж хүний гуйлтад татгалзсан хариу өгч чаддаггүй цагаан цайлган сэтгэлтэй, итгэгч нэгэн байх нь “нүгэлтэнд” үл тооцогдоно. Гэвч романд өгүүлж буйгаар бол гол дүрийн баатар маань яг л гэнэн цайлган, итгэмтгий, үл татгалзагч учраас, эл сул дорой байдлаа хүлээн зөвшөөрсөн тул өөрийгөө нүгэлтэнд тооцож, хүн байх эрхгүй болно. Тиймээс ч үхэхээс өөр зам үгүй. Романы төгсгөлд өгүүлэх Кёобашигийн уушийн газрын эмэгтэйн өгүүлсэн “Бурхан мэт сайн хүү” байлаа ч ичгүүр сонжуургүй амьдралынхаа үнэнээс нүүр буруулах хүсэлгүй түүнд ганц сонголт үлдсэн нь үхэл байсан хэрэг. Нэгэнт л бүгдийг нь ойлгож эхлээд асуултандаа хариулчихсан, амьдрал утгагүй санагдаад эхэлсэн бол амиа тэвчиж яагаад болохгүй гэж вэ?


Б.Алтанхуяг

 

 

 

Холбоотой мэдээ