Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг захидлаар авах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-04 12:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх намын байр сууриа нэгтгэн УИХ-д хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэв.

Тус нам УИХ-ын сонгуулийн жижиг 76 тойргийн тогтолцоог бүрэн халах ёстой хэмээн үзэж байгаа аж. Жижиг тойргоор сонгууль явуулснаар зарим УИХ-ыг хэт цөөн хүн амтай, зарим гишүүнийг хэт олон хүн амтай тойргоос сонгож байгаа юм. Энэ нь тэгш байдлыг бүрэн хангаж чадахгүй хэмээн үзжээ. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэд, санал авах байранд биечлэн очих боломжгүй иргэдийн саналыг захидлаар авдаг болох ёстой хэмээн үзэж байгаа юм. Мөн сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид айл бүрийн хаалгыг тогшиж, сонин, сэтгүүл тараадаг. Үүнийг зогсоохын тулд СЕХ-ноос улсын төсвийн хөрөнгөөр бүх нам, нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг нэгтгэсэн нэг танилцуулга хэвлэж тараах нь зөв хэмээн үзсэн байна. Ингэснээр иргэд бүх мэдээллийг нэг дороос авч, сонголтоо зөв хийх боломж бүрдэнэ гэдгийг тус намын дарга Б.Найдлаа онцоллоо.


Мөн тус намаас сонгуулийн санал тоолох явцад гардаг маргааныг шийдвэрлэх саналаа танилцууллаа. Тодруулбал, иргэнийг саналын хуудсаа автомат машинд хийхэд машинаас тухайн хүний саналыг тооцсон эсэх, аль нам, нэр дэвшигчид өгснөөр тоолсон тухай баримт хэвлэх аж. Уг баримтыг тусгай хайрцагт хадгалан санал хурааж дууссаны дараа автомат машины саналтай харьцуулан хяналтын тооллого хийснээр сонгууль бүрийн дараа гардаг маргааныг шийдвэрлэх боломжтой болно хэмээн үзсэн байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 2-нд өргөн барьсан юм.

Холбоотой мэдээ