Цогтцэций сумын малчдад ажлаа танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-02 17:21:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн үндэсний компани “Эрдэнэс-Tавантолгой” XK Өмнөговь аймгийн Цогтцэций суманд компанийн байгаль орчин, нийгмийн хариуцлагыг сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсээс 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлаа орон нутгийн иргэдэд тайлагнав. Өдөрлөгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч нар, мөн сумын дөрвөн багийн 80 гаруй малчин, компанийн ажилтнууд оролцож, асуулт хариулт өрнүүлж, санал солилцлоо.


Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2014-2019 онд Цогтцэций сумын нутагт 27 худаг сэргээн засварлаж, усны ундаргыг нь сайжруулан, түвшнийг нь хэмжих багаж суурилуулаад байна” гэж мэдээллээ. Ус ундаргын түвшин хэмжигч суурилуулснаар тухайн худгийн усны зарцуулалтыг тооцон, шаардлагатай тохиолдолд ашиглахаа зогсоон, өөр талбайд худаг гаргах боломж хайх бололцоотой болжээ.

Компаниас “Ногоон говь” төсөл санаачлан, 10-15 га талбайд мод үржүүлэхээр төлөвлөн, урьдчилсан байдлаар 60 мянган ширхгийг тарин, орчныг нь зүлэгжүүлэх ажил эхлүүлээд байна. Одоогоор 20 мянган мод тарьсан бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард уурхайн хамт олон 3000 орчмыг нэмж суулгажээ. Түүнчлэн энэ оны 6 дугаар сард 120 ам метр талбайтай өвлийн хүлэмж байгуулан, нарийн ногоо тариалж, 3-4 төрлийн, 250 орчим кг хүнсний ногоо хураан авчээ. Энэ нь говьд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх загвар болж буй бөгөөд ирэх жил хүлэмжийн тоог нэмэгдүүлэн, тариалалтаа эрт эхлүүлснээр хураах ургацынхаа хэмжээг 2-3 дахин өсгөх боломжтойг танилцууллаа. 

Мөн ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран нүүрс олборлолтын явцад хөрс болон нүүрсэн давхарга хоорондын биогений гаралтай тунамал чулуулгийн хаягдал хурдсаас гумины бордоо гаргах судалгааг эхлүүлж, бордоо хийх ашигт түүхий эд хангалттай, үйлдвэрлэх бүрэн боломжтойг урьдчилан дүгнэснээ танилцууллаа. Улмаар бордоо үйлдвэрлэж эхэлбэл “Ногоон говь” төслийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн өвсний ургацыг сайжруулах юм байна.


Уузалтын үеэр малчид өвс авах, өвөлжөөгөө тохижуулж, хашаа хороо барихад, мөн залуусыг малжуулахад туслах, худаг бүрийг нэг айлд хариуцуулах зэрэг санал гаргажээ. Цаашид жил бүр сумын малчид, иргэдийг дээрх өдөрлөгт өргөн хүрээгээр оролцуулж, санал хүсэлтийг аван, компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй ажлыг хамтран шийдвэрлэж ажиллахаар санал нэгдсэн байна.

Холбоотой мэдээ