Орон нутгийн хөгжилд тэргүүлэх ач холбогдол бүхий 10 орчим төсөл танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-23 19:03:57

Ховд /МОНЦАМЭ/. "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган-II боллоо.

Ховд аймаг нь бие даасан эдийн засагтай, хүний хөгжлийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтээр баруун бүс нутагтаа тэргүүлсэн аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийн түншлэлийг бий болгох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг өнгөрсөн онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан.

Тэгвэл "Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт зохион байгуулснаараа онцлогтой.

Энэ удаагийн чуулганд УИХ-ын гишүүд, БНХАУ, ОХУ-ын төлөөлөгч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллага, аймаг, сумдын удирдах ажилтан, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсон юм.
Чуулганы хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, салбар бүрийн хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого, төлөвлөлтийн талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн хэмжээнд 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 орчим бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.

Түүнчлэн “Ховд аймгийн хөгжлийн хэтийн зорилтын цөм-Шинэ Ховд 2030” бодлогын баримт бичиг боловсруулж,  аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлчилгээ-аялал жуулчлал, нийгэм-хотын хөгжил гэсэн таван чиглэлд нийт 67 төслийг урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөж байна.

Энэ утгаараа хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганаар дамжуулан “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Ховд нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж Олон улсын нисэх буудал болгох”, “Шинэ Ховд Эко, этно аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” зэрэг орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий 10 орчим төсөл танилцуулж, оролцогчид харилцан санал солилцлоо. 

"Шинэ Ховд" хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулган нь аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх, ард иргэддээ амьдрах таатай орчин бүрдүүлэх, цаашлаад амьжиргааны түвшинг дээшлүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэх давуу талтай гэж зохион байгуулагчид хэллээ.

Чуулганы үр дүнд аймгийн удирдлагууд зарим төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчидтай “Хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм байна.

Тус чуулганы үйл ажиллагаанд 40 орчим хувиараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган хөрөнгө оруулагчдад танилцуулав.  

Холбоотой мэдээ