Н.Цэрэнбат: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо 22.7 болгож өсгөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-22 16:34:45
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш байгууллага, иргэний нийгмийн 300 гаруй төлөөллийг хамарсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган” Улаанбаатар хотноо болж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын шинээр тодорхойлсон хувь нэмрийг олон нийтэд таниулан, сурталчилж, үндэсний шинэ хөгжлийн чиг хандлагад гадаад дотоодын бүхий л талуудыг хүчин чармайлтаа нэгтгэн, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.


Манай улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан ба тус хэлэлцээр нь 2020 оноос нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулж гишүүн орон бүр дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг тодорхойлох, тогтмол тайлагнах, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо ахиулах шинэ тогтолцоонд шилжиж байгаа юм.


Дэлхий нийтийн хэмжээнд тэргүүлэх зэргийн, тулгамдсан асуудлын нэг болоод байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг Цельсийн 2 хэм, цаашлаад 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрт дэлхийн 200 гаруй улс нэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна.



БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Эдийн засгийн 80 гаруй хувь уур амьсгалаас шууд хамааралтай манай улсын хувьд, конвенц болон хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон талын дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллах нь улс орны эдийн засаг, ирээдүйн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой бөгөөд бид конвенц болон Парисын хэлэлцээрийн гишүүн улсын хувьд уг зорилтоо тодорхойлж хүргүүлэх үүрэг хүлээсэн юм. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/91 дүгээр тоот тушаалаар салбар дундын ажлын хэсгийг байгуулж, олон улсын шинжээч, үндэсний зөвлөхүүдтэй хамтран эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын зэрэг эдийн засгийн голлох салбаруудын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг тооцоолж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг тодорхойлоод байна. Үүний үр дүнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 14 хувь бууруулахаар 2015 онд тодорхойлсон өмнөх зорилтыг ахиулан 22.7 хувь болгосныг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.


Уг хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг баталж, Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд, Монгол Улс эдийн засгийн тэргүүлэгч салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, аж үйлдвэр, хог хаягдлын чиглэлээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, арга хэмжээнүүдийг тодорхойлов. Хөгжлийн чиг хандлагыг тогтвортой, ногоон болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх дээрх шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал болохыг онцлов.







Холбоотой мэдээ