ЗУРААС БҮР ЗӨГНӨЛ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-11-21 12:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Өнөө цагийн Монголын уран зургийн нэгэн өвөрмөц, содон төлөөлөгч болсон уран бүтээлч бол эх орныхоо соёл урлаг, ёс заншил, үүх түүхийг гадаадын олон улсад гайхамшигтайгаар таниулж яваа зураач Самбуугийн Заяасайхан юм. Тэрээр 15 настайдаа лам болохоор шийдэн хоёр жил шашны ном үзэж суухдаа хөгшчүүлд бурханы зураг хуулбарлан зурж өгдөг байснаас сэтгэл зүрх оюун бодол нь уран зурагт татагдаж, өөрийнх нь сонирхол, хүсэл тэмүүлэл нь уран зураг байсныг ойлгожээ. Ингээд 1997 онд СУИС-ийн монгол зургийн ангид элсэн оров. Гэвч С.Заяасайхан зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагүй гэсэн бодолдоо одоо ч үнэнч хэвээр үлджээ.


Түүний аав Самбуу нь зураг их сайхан зурдаг байсан учир нэг л өдөр аав шигээ гоё зураг зурмаар санагдаж бийр цаас нийлүүлсэн гэдэг. Тэрээр Цагаан дарь эх бурхныг ихэд хичээнгүйлэн шөнөжингөө зурж дуусгачихаад аавынхаа нүдэнд харагдахаар газар тавьчихаад унтав. Өглөө болоход аав нь “Миний хүү зураач болчихжээ” гэж хэлсэн бөгөөд тэдгээр үгс одоог хүртэл дурсамж дотор нь амьд оршдог тухай дурсан ярьсан байдаг.


Япон улсад сууж уран бүтээл туурвих болсон нь олон учир шалтгаантай байж болох хэдий ч өөрийн улс орны нарийн нандин нууц, монгол гэх тодотголыг бий болгодог соёлын үнэт зүйлсийг ойлгоход илүүтэй тус нэмэр болсон болов уу. Тиймдээ ч алдарт барималч Даши Намдаковын баримлуудыг уран зурагт буулгачихсан юм шиг мэдрэмж С.Заяасайханы бүтээлүүдийг харахад төрдөг тухай зарим шүүмжлэгчид өгүүлсэн нь бий. Гэвч үнэндээ мэргэжлийн шүүмжлэгчид Намдаковын баримал домог зүйн имперсионизм төрөлд хамаатах шинж агуулсныг мэднэ. Харин С.Заяасайханы уран зургууд өнгөлөг байдлаараа имперсионизм байж болох ч илүү зөөлөн, түүхэн цаг үеийг орчин үеийн нийгмийн асуудалтай хольсон ёгтлол утгыг ч дотроо агуулсан байдаг.




Тэрээр хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Эрхүү хотын Бронштейны галлерейд “Lost Kiss нэртэй үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрээр энэ тухайгаа “Би үзэсгэлэнгийнхээ нэрээр орчин үеийн нийгэм бодит харилцаанд тулгуурлахаа больж, цахим харилцаанд шилжсэнээр хүмүүсийн жинэхэнэ сэтгэл хөдлөл алга болсныг илэрхийлэхийг хүссэн. Тиймээс “Lost Kiss” бол зөвхөн алдагдсан үнсэлтийн тухай биш нийгмийн асуудлыг хөндөж байгаа” хэмээсэн байдаг. Өмнө нь С.Заяасайхан Японы олон хотуудаас гадна Европ, Австрали, АНУ, Тайвань, Их Британи, Франц, Хонг Конг зэрэг дэлхийн 20 гаруй улс оронд бие даасан үзэсгэлэн гаргахын сацуу олон арван хамтарсан үзэсгэлэнд оролцсон нь түүнийг дэлхийн хэмжээний уран бүтээлч гэдгийг батлан харуулдаг.


Уран бүтээлчийн оюун санааны охь болсон урлагийн бүтээлүүд мөнх настай байдаг. Зарим нь он удаан хугацааг элээсний хойно л жинхэнэ мөн чанарыг нь үзэгчид ойлгох нь ч бий. Тиймээс цаг хугацаа орон зайны хувьд С.Заяасайханы бүтээлүүдийг тоймлон хуваах нь мэдээж эртдэнэ. Гэвч түүний зурсан сүүл үеийн шилдэг бүтээлүүдээс “Орчин үеийн байлдан дагуулагч”, “Хүүрнээгүй яриа”, “Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй”, “Амьд үлдэгсэд”, “Гурван дайчин” зэрэг олон зургуудыг нэрлэж болно.




Оросын нэрт зураач Виктор Васнецовын “Гурван баатар” зургийн хуулбар мэт харагдах боловч дүр төрх нь монгол цэргийн жанжид гэмээр “Гурван дайчин” зураг нь сонирхогч болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Нэг баатрын энгэрт дүүрэн зоос, нөгөөхийг нь энгэрийг цол тэмдэг, харин үлдсэн нэгийнх дээр нь эмэгтэй хүний уруулын дүрс дүүрэн байх ажгуу. Эдгээр нь өнөөгийн нийгэм дэх шүүмжлэлт санааг агуулсан бөгөөд энэ нь цор ганц манай улсад бус дэлхий нийтээр ажиглагдаж байгаатай холбогдуулан алдартай зургийн хэлбэрийг ашигласан нь тод ажиглагддаг.


Түүний өөр нэгэн онцлог нь түүхэн цаг үеэс гадна эргэн дурсахуй, төсөөлөхүй хоёрын нийлэмжээр зөгнөлт орон зайг бүтээх юм. Тиймдээ ч үзэгчдэд амар амгаланг мэдрүүлж, өнгөний зөөлөн байдал, нам гүм дэх гоо сайхныг үзүүлдэг. Зураачийн “Улаан тал нутаг” бүтээл нь яг л ийм амар амгалангийн үүсгэл бөгөөд өдгөө Токио хотын соёл урлаг, загварын том төв болох Гинза дахь дэлхийд алдартай “Ничида” арт галерейн хойморт залагдсан байна.




Судлаач, доктор П.Батхуяг түүний зургуудын тухай “Нүүдэл бол цаг хугацааны бэлгэдэл, морьд бол хөдөлгөөн, хөгжмийн зэмсэг сэтгэлийн аялгуу, түүх бол ой санамж, тэнгэр, салхи бол урсгал, онцгой товойх гол дүрүүд бол бясалгалын өгүүлэмж болдог. Ийм л найрсалыг түүний олон зургуудаас уншиж болно” хэмээсэн нь бий.


С.Заяасайханы бүтээлүүдээс хүн байгалийн уялдаа холбоо, эртний түүхийн жимээр бэдрэх уран бүтээлчийн эрэл хайгуул, дотоод сэтгэлийн алсаас өнгө будгаар зөөж авчирсан зөгнөлт ахуй зэрэг олон утга санаа нэгэн дор үзэгддэг. Мөнхүү түүний бүтээлд аливаа нэг өнгө зонхилдоггүй. Учир нь бүтээл болгоноос нь ямар нэг өнгөний сул байдал огт ажиглагддаггүй. Түүний уран зургууд эргэн тойрны юмс үзэгдэл, нийгмийн ахуй амьдрал, хүмүүсийн зан араншин, төсөөллийн орон зай, эргэн санагалзахуйн сентименталь сэтгэхүй, туулж өнгөрүүлсэн түүхийн жим гээд олон зүйлсийн цуглуулга гэлтэй. Эдгээрийг зөвхөн нэг өнгөнд зангидаж угаас үл болох юм. Уран бүтээлч хүний хувьд зураас бүр нь утга учиртай, өөрийн гэсэн зөгнөлтэй байх ёстой. Тэр л чанар хувь хүнийг бусдаас ялгаж уран бүтээлч болгодог гэдгийг зураачаас илүүтэй найруулагч баймаар төрхтэй бүрх малгай духдуулсан монгол эр бидэнд харуулсан билээ.

Холбоотой мэдээ