"Иргэдээ сонсъё" төрийн үйлчилгээний өдөрлөгийг сумдад зохион байгуулж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-13 11:57:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ЗДТГ-аас төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан шийдвэрлэх зорилгоор "Иргэдээ сонсъё" төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийг Дэрэн суманд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2019 оны аймгийн "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл"-д тусгагдсан ажил юм.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа болон агентлагийн дарга, мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүс оролцож, иргэдтэй уулзалт зохион байгуулан, мэдээлэл өгч, эрүүл мэнд, улсын бүртгэл, газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх үйлчилгээг үзүүллээ.
Тодруулбал, Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн цахим үйлчилгээний нээлт хийж, бүртгэл, лавлагааны үйлчилгээ үзүүлсэн бол ГХБХБГ-аас шинэ гэрчилгээ олгох, гэрээ сунгах, газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой өргөдөл хүлээн авч, ЭМГ-аас мэдрэл, шүд, ЭХО, дотор, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийжээ.
Мөн "Гүүдсек" үнэт цаасны компаниас хувьцааны талаар мэдээлэл өгч, данс нээх үйлчилгээг үзүүллээ.
Түүнчлэн ЗДТГ, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, ХХҮГ, БСУСГ-аас суман дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, иргэдэд шаардлагатай мэдээллийг өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ