Америкийн том компаниуд оффшорт 1.3 их наяд доллар хадгалж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-15 12:02:02

ВАШИНГТОН. /Independent/.  АНУ-ын хамгийн том 50 компани Испани, Мексик, Австрали гэсэн гурван улсын ДНБ-ийг нийлүүлснээс их хэмжээний мөнгө буюу 1.3 их наяд долларыг оффшор бүсэд, улсдаа төлөх татвараас зайлсхийн хадгалж байсныг “Oxfam” гэдэг байгууллага илчиллээ.

Томоохон компаниуд хаана татвар төлдөг болохыг илүү ил тод болгох төлөвлөгөөг Европын Комисс танилцуулсны дараа дээрх нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна.

Татвараас зайлсхийх явдал хаана газар авч  байгааг тогтооход Европын Комиссын гаргасан санаачилга ямар ч үр дүнгүй байна гэж “Oxfam” үзээд, компаниуд бизнес эрхэлж байгаа улс орондоо татвар төлдөг байхыг баталгаажуулахын тулд илүү үр дүнтэй арга хэмжээ авдаг тогтолцоо бий болгохыг Их Британийн Засгийн газраас шаарджээ.

АНУ-д гардаг татвараас зайлсхийх үзэгдэл нь дэлхийнн улс орнуудад ч сөргөөр нөлөөлнө гэж “Oxfam” байгууллагын Татварын асуудал хариуцсан зөвлөх Робби Силвермэн мэдэгдэв.

Мөн тэрбээр хэлэхдээ “АНУ дахь олон улсын компаниудын ашиглаж буй татвараас зайлсхийх заль мэх, арга хэрэгсэл нь дэлхий дахинд тархаад байгаа бөгөөд үр дагавар нь гамшиг тарихаар хэмжээнд хүрээд байна. Үүнд, ялангуяа, ядуу буурай орнууд ихээхэн өртөж, жилд 100 тэрбум долларыг татвараас зайлсхийгч этгээдүүдэд алдаж байна. Ийм хэмжээний мөнгө нь 2.2 тэрбум гаруй хүнийг цэвэр усаар хангаж, эрүүл ахуйн асуудлыг нь шийдэхэд хангалттай хүрэлцэнэ” гэдгийг онцлон дурдлаа.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ