АМНАТ-ийг нэг удаа давхардуулахгүй төлнө

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 15:34:12
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо чуулганы завсарлааны үеэр хуралдаж, ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ.


Хуулийн төслийг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулахдаа, Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар АМНАТ-ийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна. 



Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн боловсруулжээ. Ингэхдээ АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, давхардуулалгүй хэрхэн ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. 



Ажлын багийн дээрх танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Баттөмөр нар хариулав.


Ийнхүү ажлын багийн санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн  90.6 хувь нь  дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ