Ази, Номхон далайн мэдээллийн агентлагууд Сөүлд чуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-07 14:47:07

СӨҮЛ. /Yonhap/. Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ ээлжит Ерөнхий Ассамблей БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнөөдөр эхэлж, өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбар болон харилцан солилцоо, түншлэлийн төлөвлөгөөнүүдийн талаар хэлэлцэж байна.


Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын 17 дугаар Ерөнхий Ассамблейд Хятадын “Синьхуа”, Японы “Kиодо”, Оросын “ТАСС” зэрэг Ази-Номхон далайн 35 орны 43 мэдээллийн агентлагийн төлөөлөгчид оролцож байгаа ажээ.


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм.


17 дугаар Ерөнхий Ассамблейг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, технологийн хөгжил, худал, буруу ташаа мэдээлэл зэрэг асуудал сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.


Ерөнхий Ассамблейн үеэр “Yonhap” агентлаг ОАНА-гийн шинэ даргаар албан ёсоор сонгогдох бөгөөд тус агентлаг ирэх гурван жилийн хугацаанд ОАНА-г даргалж, ОАНА-гийн уулзалтуудын хөтөлбөрийг бэлтгэх хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж, гишүүн агентлагуудад санамж хүргэж, ОАНА-гийн цахим хуудасны үйл ажиллагааг хариуцна. “Yonhap” ОАНА-д элссэнээс хойш 30 гаруй жилийн дараа тус байгууллагыг анх удаа даргалах гэж буй нь энэ юм. 


Уг хуралд Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. МОНЦАМЭ агентлаг 1981 онд ОАНА-гийн гишүүн болсон юм. 



БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин пүрэв гарагийн үдэд Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзана гэж Хөх ордон мэдээлжээ. Тэрбээр Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явц болон Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчдын удахгүй болох дээд хэмжээний уулзалтад үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжихийг хүсэх төлөвтэй байна. 


Хөх ордны мэдээлснээр, БНСУ-ын Ерөнхийлөгч ОАНА-гийн Ерөнхий Ассамблейд оролцож буй 28 орны 32 мэдээллийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзах ажээ. 

Холбоотой мэдээ