Үнс зайлуулах системийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-31 12:03:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын дулааны станцын үнс зайлуулах системийг ашиглалтад орууллаа. Дулааны станц ашиглалтад орсон 2013 оноос хойш станцаас ялгарах үнсийг задгай талбайгаас гар аргаар ачиж, зөөвөрлөдөг байсан юм.

Баруун-Урт сумын Дулааны станцыг 2013 онд KOICA олон улсын байгууллагын  долоон сая долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Үүнээс хойш эдэлгээний явцад зарим тоног төхөөрөмж элэгдэлд орсонтой холбоотойгоор санхүүжүүлэгч байгууллагаас дахин судалгаа хийж, төслийн дараах дэмжлэг хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэжээ.

Бид өнгөрсөн оны аравдугаар сард ирж станцын нөхцөл байдалтай танилцаад, хоёр сарын дараа шууд Монгол Улсын ЭХЯ, Сангийн яамтай гэрээгээ байгуулж, ажлаа эхлүүлсэн. Үнс зайлуулах системийн хувьд 420 мянган долларын өртөгтэй, үүнээс гадна усны хоолойг хөлдөхөөс хамгаалах хамгаалалт, галын аюулгүй ажиллагааны зарим тоног төхөөрөмжийг нэмэлтээр олгосон гэж KOICA олон улсын байгууллагын орлогч Ким Сү Яанг хэллээ.


Энэ бол маш том хөрөнгө оруулалт юм. Дулааны станц нь аймгийн төвийн салхины дээд талд байрладаг учир станцаас гарсан нунтаг үнс салхинд хийсч байгаль орчинд цаашлаад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байсан, үүнийг судалж үзээд бид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, өнгөрсөн жилийн 10 дугаар сараас энэ ажлыг эхлүүлсэн. Нэг жилийн хугацаанд төслийг амжилттай хэрэгжүүлж дууссанд таатай байна. Хамтран ажилласан бүх хүмүүст иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье гэдгийг аймгийн Засаг дарга төслийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзах үеэрээ онцлов.

Энэхүү үнс зайлуулах систем нь автомат бөгөөд станцаас гарч буй нунтаг үнс агаарт дэгдэлгүй, шууд тусгай хоолойгоор битүүмжилсэн машинд ачигдах юм. Дулааны станцаас өдөрт 20-25 тонн үнс гардаг байна.

Холбоотой мэдээ