Бүтээлч орон зайн танхим байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-27 13:57:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Америкийн соёл, мэдээллийн төвд Бүтээлч орон зайн танхим байгуулав.

Тус танхимын нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын Засгийн газрын Боловсрол, соёлын товчооны Фулбрайт хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Николь Гомиэр, тус улсын ЭСЯ-ны ОНХА-ны дэд дарга Адам Хэннингс, ОНХА-ны Боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул болон орон нутгийн удирдах ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудын төлөөлөл оролцов.

Бүтээлч орон зайн танхим нээгдсэнээр оюутан, сурагчид цаашид зохион бүтээх сэтгэлгээгээ хөгжүүлэх, багаар ажиллах ур чадвар эзэмших боломж бүрдэж байгаа юм. 

Энэхүү танхимд оюутан, сурагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжих сургалт, чөлөөт үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, Ховд их сургуулийн оюутнуудын англи хэлний ярианы чадварыг сайжруулах, АНУ-ын ЭСЯ-наас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан, залуусын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажил хэрэгжүүлнэ гэж албаныхан мэдээллээ.  

Энэ үеэр англи хэлний багш нарын заах арга зүйн чадварыг сайжруулах, улмаар онлайн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм. 

АНУ-ын ЭСЯ-наас Флекс, Фулбрайт, Глобал UGRAD, SUSI, Хюберт Хамфри, FLTA, TEA, e-Teacher зэрэг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, багш, судлаачдад зориулсан нэлээд олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж.


Холбоотой мэдээ