Швейцарын хөрөнгө оруулалтаар Алтай суманд сургуулийн шинэ байр барилаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-27 00:24:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын "La mensa e il gregge" байгууллагын хөрөнгө оруулалтаар барьсан Алтай сумын Улаан хад бага сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болжээ. 

Барилгын нийт санхүүжилт нь 420 сая төгрөг бөгөөд Швейцарын Холбооны Улсаас 100 хувь санхүүжүүлжээ. Мөн сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмж, номын сангийн тавилга зэргээр хангасан байна. Шинэ хичээлийн байр 100 хүүхдийн багтаамжтай, дотроо гал тогоо, номын сан, ариун цэврийн байгууламжтай.

Барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн "Көшелик" компани ажиллаж, товлосон хугацаанд багтаан барьж дуусгажээ. Түүнчлэн орон нутагтай хамтран 50:50 хувийн санхүүжилтээр хуучин хичээлийн байрыг дотуур байр болгон засварлаж тохижуулсан байна.

Улаан хад баг нь аймгийн төвөөс 175, Алтай сумын төвөөс 65 км зайд оршдог. Хилийн бүсэд, өндөрлөг газарт байрласан тул намрын сүүл сараас зам даваа цасанд дарагдан сумын төвтэй тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болдог аж. Багийн төвд байрлалтай бага сургуульд сумын хоёрдугаар багийн ард иргэдийн /120 өрх, 470 хүн амтай/ хүүхдүүд суралцдаг.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтаар хичээлийн шинэ байртай болсноор алслагдсан бүс нутагт амьдардаг малчдын хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ