Тосонцэнгэл сумын иргэд өөрсдийн хүчээр модон гүүрээ засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-25 10:38:54

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар аж ахуйн нэгж, байгууллага, төрийн албан хаагчид, иргэд хамтран Идэрийн голын модон гүүрийг өөрсдийн хүчээр засварлажээ.

Энэ модон гүүр нь 1963 онд баригдсан 60 орчим жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийгээгүйн улмаас зорчиход нэлээд хүндрэл үүсчээ. Идэрийн гол дээгүүр тавигдсан энэ гүүрээр тус сумын урд хэсгийн Рашаант, Баян-Улаан, Улаан толгой багийн зарим өрхийн нийт 1800 гаруй  малчид сумын төв рүүгээ ороход заавал зорчдог ажээ. Мөн сумын иргэдийн түлшний модоо татдаг гол замыг дайран өнгөрдөг юм. Гүүрээр зорчих боломжгүй үед иргэд 100 гаруй км тойрч сумынхаа төв рүү орох шаардлагатай болдог байна. Тиймээс сумын удирдлагуудын санаачилгаар албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийнхээ оролцоотойгоор 75 метрийн урт, найман метрийн өргөнтэй модон гүүрийг засварлажээ.

Тосонцэнгэл сумын иргэд гүүрийг өдөр бүр ээлжээр 30-40 хүн хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажилласаар засварыг бүрэн хийж дуусгажээ. 2021 оны улсын төсөвт хөрөнгийг нь тусгаж төмөр бетон гүүр барих шаардлага бий хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ