Аж ахуйн нэгж байгууллагууд ойролцоох нүх, шуудуугаа битүүлж таглах үүрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-23 17:49:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас ААНБ-уудад ойролцоох нүх шуудууг битүүлж, таглах талаар анхааруулдаг. Гэвч энэ нь төдийлөн хангалттай хэрэгждэггүй. Үүний жишээ, өнгөрсөн 21-ний өдөр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн зүүн талд байрлах нүхэнд есөн настай эмэгтэй хүүхэд унаж, улмаар хүүхдийг аймгийн ОБГ-ын аврагчид гаргасан байна.

Тухайн нүх нь гурван метрийн гүн бөгөөд хуучин зоорины зориулалтаар ашиглаж байжээ. Нүхэнд хүүхэд орилоод байна гэх дуудлагыг сургуулийн захирал анх ОБГ-т өгч, эрэн хайх аврах салбарын дөрвөн албан хаагч, нэг автомашинтай очиж таван минутын хугацаанд хүүхдийг гаргаж авчээ. Хүүхэд биеийн гадна талдаа ямар нэг гэмтэл аваагүй бөгөөд аврагчид анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна.

Баруун-Урт сумын төвөөр таггүй траншей, суваг шуудуу их бий. Тиймээс холбогдох байгууллагууд даруй арга хэмжээ авч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ