Нийслэлээс хар шороо олборлохыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-10-23 11:12:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаатай хориглолоо гэж Нийслэлийн Байгаль орчны газар мэдээлэв.

Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдэл нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж буй.

2018 онд Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар ХААИС-ийн эрдэмтэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хар шорооны нөөцийн судалгааг явуулсан. Судалгаагаар, сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Улаанбаатар хотын хөрсний 13.6 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70.1 хувь нь хүчтэй доройтон цөлжсөн байдалтай байна. Энэ үйл явц цаашид ч нэмэгдэх магадлалтай тул хар шорооны олборлолтыг нэн даруй зогсоох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан.

Дээрх судалгааны дүгнэлтийг үндэслэн холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хар шороон хөрсийг орлуулах шинэлэг арга аргачлал, технологийг туршин нэвтрүүлээд байна. БХБЯ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологийг амжилттай нутагшуулж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж, байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ