Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-23 11:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд өчигдөр оролцов.



Ёслолын эхэнд Эзэн хаан Нарухито Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөж, Төрийн ёслол хааны ордонд үргэлжлэв. Ерөнхий сайд Абэ Шинзо эзэн хаанд урт наслахыг ерөөсөн уламжлалт мэндчилгээ дэвшүүллээ. Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Нарүхито хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлав. Эзэн хаан Нарүхито, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглаж, эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг онцоллоо. Тэрбээр, "Японы ард түмэн мэргэн ухаан, тасралтгүй зүтгэлийн ачаар хөгжил дэвшилд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт найрамдалт, энх тайван тогтнолыг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" хэмээв.



Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд Япон улстай дипломат харилцаатай 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн хүрэлцэн иржээ. Мөн НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын болон бусад байгууллагын дээд түвшний зочин, төлөөлөгч оролцлоо. Түүнчлэн тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, сайд нар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч зэрэг 2000 орчим хүн оролцсон байна. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.



Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэв. Түүхэн өдөрт зориулан баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис далайн шуурганы улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 11 дүгээр сарын 10 хүртэл хойшлуулжээ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхитогийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцов. 

Холбоотой мэдээ