АНУ-ын тамирчин Фланаган зодог тайлж буйгаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-10-22 15:07:33

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ыг төлөөлөн Олимпын наадамд дөрвөн удаа оролцож байсан, Нью-Йорк хотын марафон гүйлтийн тэмцээний аварга Шалане Фланаган зодог тайлж, дасгалжуулагч болох гэж буйгаа даваа гарагт мэдэгдсэн байна.


“Би зодог тайлж байгаагаа баярын нулимстайгаар зарлаж байна. 2004-2019 онд би өөрийн бүх зүйлээ спортод зориулсан. Яснууд хугарч, шөрмөс тасарч, хөлийн хумс өчнөөн удаа хугарах бүрт би их, бага хэмжээгээр туршлага хуримтлуулж байсан” гэж Ш.Фланаган “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


2008 оны Бээжингийн Олимпын наадмын 10,000 метрийн марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2017 онд Нью-Йорк хотын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлж, сүүлийн 40 жилийн хугацаанд уг тэмцээнд түрүүлсэн анхны Америкийн иргэн болж байжээ.


Ш.Фланаган алдартай гүйлтийн тамирчдын гэр бүлээс гаралтай бөгөөд түүний ээж Шерил эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бол түүний аав Стив кросс гүйлтийн тамирчин байжээ. Ш.Фланаган цаашид дасгалжуулагч болохоор төлөвлөж буйгаа зарласан байна.


“Дасгалжуулагчаар ажиллах нь надад баяр баясгалан, сэтгэлийн зовлонгийн аль алийг авчирна гэдгийг мэдэж байгаа учир би их азтай. Бид хэн нэгнийг зоригжуулж, өөр нэгнээс суралцахаар төрсөн гэдэгт би итгэдэг. Одоо миний хийх зүйл бол өөрийн сурсан бүх зүйлээ бусадтай хуваалцах юм” гэж Ш.Фланаган хэлжээ. 


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ