Нийслэлийн амаржих газрууд телемедициний сүлжээнд холбогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-10-21 16:03:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв телемедициний сүлжээнд холбогдлоо.

Ингэснээр эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед ЭХЭМҮТ-тэй цаг алдалгүй холбоо барьж мэргэжлийн зөвлөгөө авах, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, улмаар эх, нярайн амь нас эрсдэлтэй байдалд орсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах чадавхи сайжирч байгаа юм.

Энэ хүрээнд нийслэлийн амаржих газрууд эх, нярайн асуудлаар 30 гаруй удаа телемедициний сүлжээгээр холбогдон оношилгоо, эмчилгээний асуудлыг шуурхай шийдэж бодит үр дүнг харуулан ажиллажээ.

Цаашид телемедициний сүлжээний хэрэглээг тогтмолжуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, техник технологийн ашиглалтыг ханган ажиллахад анхаарах аж.

Холбоотой мэдээ