Хайгуулын ажлыг нутгийн иргэд эсэргүүцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багт “Алаг толгой” хэмээх газарт хайгуулын өрөмдлөгийн ажил эхэлснийг нутгийн иргэд эсэргүүцэж байна.
Хайгуул хийх тусгай зөвшөөрлийг Засгийн газраас нээлттэй зарлаж, "Хонгор холдинг" ХХК 973 сая төгрөгийн өртөг төлснөөр 1421 га талбайд хайгуул хийх эрх авчээ. Газар нутгаа ухуулахгүй гэсэн иргэд багийн ИНХ-аа зохион байгуулж, эсэргүүцлийн бичиг үйлдэн гарын үсэг зурцгааж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Хонгор холдинг" ХХК-д хандаад ч уг асуудал шийдэгдээгүй гэдгийг сумын Засаг дарга Б.Ууганбаяр хэлж байлаа.
“Ашигт малтмалтай холбоотой хууль, журамд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө сум, орон нутгийн удирдлагуудтай санал солилцох талаар нэг ч үг, үсэг байдаггүй юм байна. Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэ сонгон шалгаруулалтыг хийдэг” хэмээн тэрээр хэлэв.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Хайгуулын энэ ажилтай аймаг, орон нутгийн удирдлагууд ямар нэг холбоо, сүлбээ байхгүй. Монгол Улсын хөгжил, дэвшилд нэмэр болохуйц хайгуулын ажлыг Засгийн газар, АМХЭГ-аас зөвшөөрөл олгон хийлгэж байгаа. Гэхдээ тендерт оролцон төлсөн өртгийг Монгол Улсын төсөвт оруулж байгаа. Нэгэнт тендерт ялаад мөнгөө төлсөн л бол хайгуулын ажлыг явуулах ёстой гэдгийг УУХҮЯ-наас чиглэл болгож өгсөн. Цаашдаа ашиглалтын лиценз авахаар бол багийн ИНХ, сумын ИТХ-аас оруулж зөвшөөрөл авна. Тиймээс манай иргэд бухимдах хэрэггүй” хэмээлээ.