Францтай хамтран Иранд зээл олгоно гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-21 15:21:59

ТОКИО. /Koydo/. Хэрэв Техран цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ бүрэн дагаж мөрдөж эхэлбэл 2 их наяд иений /18.5 тэрбум ам.доллар/ хамтарсан зээлийг Иранд олгохоор төлөвлөж байна гэж Японы хэвлэлүүдэд мэдээлснийг тус улсын Засгийн газар няцаажээ.


“Энэ бол худал мэдээлэл” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.


Зээлийн баталгааг газрын тосны зардлаар гаргах ёстой бөгөөд харин олгосон мөнгийг хоол хүнс, эм худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байна гэж “Mainichi” сонин мэдээлсэн байна. Францын эрх баригчид 15 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх үүнтэй адил төлөвлөгөөг өнгөрсөн зун санал болгосон боловч Ираны тал хориг арга хэмжээг чангатгаснаас учирсан алдагдлыг нөхөхийн тулд зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ.


Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнөөс АНУ 2018 оны тавдугаар сарын 8-нд дангаар гарч, Ираны нефтийн экспортод эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал улам хурцадсан юм.


Холбоотой мэдээ