Г.Өнөрбаяр: Шилжин суурьшигчдад үзүүлэх төрийн үйлчилгээг чанаржуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-21 14:43:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт НҮБ-ын байранд өнөөдөр боллоо.

Шилжилт хөдөлгөөнийг удирдан зохицуулах замаар шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой дээрх төслийг ХНХЯ Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-тай хамтран эхлүүлж байна. Манай улсад 2019-2023 онд хэрэгжих уг төслийн талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын хөтөлбөрийн ажилтан, манай улс дахь төслийн менежер Виктор Лютенко болон ХНХЯ-ны Төрийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нараас тодрууллаа.


Төслийн менежер Виктор Лютенко, “Бид 3 зорилготой ажиллаж байна. Нэгд, нийслэл болон хот, сууринд газарт шилжин ирж суурьшиж буй, ахуй амьдралаа зохицуулж чадахгүй байгаа иргэдэд зориулсан бодлого, хөтөлбөрийг тухайн орон нутгийн засаг захиргаанаас гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Тодруулж хэлбэл, иргэдэд үйлчилж, шийдвэр гаргаж буй хүмүүс анхан шатанд тусгайлсан болон одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдээр дамжуулан шилжин суурьшигчдын ахуй амьдралд хэрэгцээтэй шийдвэр гаргахад нь туслана.

Хоёрт, Засгийн газраас гарч буй аливаа шийдвэр, хөтөлбөр нь иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зөвөөр зохицуулах, энд зөвхөн дотоодын гэлтгүй, шилжилт хөдөлгөөнд оролцож буй, оролцох гэж буй бүх иргэний ахуй амьдрал, эрхийг хамгаалахад хүн амын хөгжлийн бодлого хэрхэн чиглэж буй талаарх судалгаа, шинжилгээ, тоо баримтыг цуглуулж, үүн дээрээ зөв үйл ажиллагаа явуулж чаддаг байхад төр, засгийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулж сургана.

Гуравт, орон нутгаас шилжин ирж буй болон шилжилт хөдөлгөөн хийх гэж буй иргэдэд хандсан мэдээллийн кампанит ажил өрнүүлнэ. Нэг ёсондоо шилжин суурьших гэж буй иргэдэд хөдөлгөөн хийхээс нь өмнө хаана суурьших, очоод амьдрал ахуйн хэрэгцээгээ хэрхэн хангах талаар зөвлөж, мэдээлэл өгөх юм гэв.

Ер нь шилжин суурьшигч нар нийгэм, эдийн засгийн эмзэг байдалтай тулгардаг. Үүнийг арилгахын төлөө шийдвэр гаргагч нартай, Монгол Улсын Засгийн газартай, зөв шийдвэр гаргахад судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллана гэв.


Шилжин суурьшигчдад тулгарч буй “Эмзэг байдал”-ыг хэрхэн тогтоон тодорхойлж буй талаар түүнээс тодруулбал, “Манай байгууллага 2017-2018 онд Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөн хэрхэн, яаж өрнөж буй талаар иж бүрэн судалсан. Мөн шилжин ирж буй иргэдээс эмзэг байдлыг тогтоох амьдралын чанарын судалгаа авсан. Тэдэнтэй хийсэн давтан уулзалтаар хот сууринд шилжин ирснээр тэдний эргэн тойрон дахь амьдралын нөхцөл байдлыг буюу хүүхдүүд нь яаж сурч, хүмүүжиж байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ямар эрсдэлтэй тулгарч буй бүх байдлыг тандасны үндсэн дээр эмзэг эрсдэлтэй байдлыг нь тогтоосон юм” гэв.


ХНХЯ-ны Төрийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, “Хөдөө, орон нутгаас шилжин ирж буй хүмүүс эмзэг байдалтай тулгарч байгаагаар шилжилт хөдөлгөөн нь өнөөгийн манай нийгмийн тулгамдсан зүйл болсон. Энэ нөхцөл байдлыг сайжруулах нь 2045 он хүртэл төлөвлөж буй Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад зайлшгүй тавигдаж буй”-г онцоллоо. Тэрээр, шилжилт хөдөлгөөн манай улсад:

  • Орон нутгаас нийслэл, төв суурин руу хандсан дотоодын,
  • мөн гадагшаа чиглэсэн,
  • эцэст нь уул уурхайг дагасан орон нутаг доторх шилжилт гэсэн гурван янзаар илэрч байгаа”-г тодотгосон юм.

Шилжин ирэгсдэд үүсэж буй нийгмийн эмзэг байдал нь тэднийг ажил хөдөлмөрөөр хангах, сургууль, цэцэрлэгээс эхлээд тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээ хангалтгүй байгаагаар илэрхийлэгдэж байна. Тиймээс төслийн гол зорилго нь шилжилт хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгааг судалгаагаар гаргаж түүндээ чиглэсэн үйлчилгээ явуулахад оршиж буйг тэмдэглэв. Ингэхдээ шилжин суурьшигч нарт нийгмийн талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрч буй эсэхийг тодорхойлж, үйлчилгээ үзүүлэхээр анхан шатанд ажиллаж буй хүмүүсийг чадавхжуулж, мэдлэгжүүлэхэд чиглэн ажиллана гэв.


Төслийн нээлтэд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын БНХАУ, Монгол Улсын төлөөлөгчдийн газрын тэргүүн Н.Жузеппэ Крочетти, Швейцарийн Хөгжлийн агентлагийн 1-р нарийн бичгийн дарга Бунуа Мейэр Биш нар оролцлоо.




Манай улс ОУШХБ-ын гишүүн орноор 2008 элсэж, олон улсын дээрх байгууллага 2010 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн Удирдах зөвлөлийг ХНХЯ даргалж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, УБЕГ, ҮСХ, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүнд орж хамтран ажиллах юм.

Статистик мэдээллээр хөдөө, орон нутгаас нийслэл хот руу чилэсэн хэт их шилжилт хөдөлгөөнөөс үүдэн Монгол Улсын 3.2 сая хүн амын 48 хувь нь Улаанбаатарт төвлөрчээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ