“Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-21 12:32:31

Ховд /МОНЦАМЭ/. Улсын төсөв болон орон нутгийн 400 гаруй бизнес эрхлэгчийн нийт 4 тэрбум 678 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эвийн хүч” худалдааны төвийг бүтээн босгосон. Одоогийн байдлаар тус  худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрээгүй байна. 

"Эвийн хүч" худалдааны төв нь хоёр давхар, найман мянган метр кв талбай бүхий 464 асар \павилеон\-тай.

Энэхүү худалдааны төвийг “Ховд эвийн хүч хоршоо”-ноос менежментийн гэрээний дагуу ажиллуулж байна.  Уг  хоршоо 10 гаруй ажилтантай юм. 

Одоогийн байдлаар “Ховд эвийн хүч хоршоо”-ноос 400 гаруй гишүүн буюу хөрөнгө оруулсан иргэдтэй түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагаа өрнөж байна.

Үүнтэй холбогдуулан хоршооны зүгээс  энэ оны  11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн гэрээ байгуулах тухай нийт гишүүддээ мэдэгдэл хүргэжээ. Энэ хугацаанд түрээсийн гэрээ байгуулаагүй гишүүдийн асар \павилеон\-ыг зарж, мөнгийг нь буцаан олгоно гэж мэдээллээ.  

Бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ байгуулж, сарын түрээсийн төлбөрөө төлснөөр худалдаа эрхлэх боломж бүрдэнэ.

“Ховд эвийн хүч хоршоо”-ны зүгээс бүх гишүүдийн хурлын шийдвэрээр  түрээсийн төлбөрийг  1м кв нь 8000 төгрөг байхаар тогтжээ.

Ингэснээр түрээслэгчид асар \павилеон\-ны талбайн хэмжээнээс шалтгаалан 68-109 мянган төгрөгийн сарын түрээс төлөх юм.

 

Холбоотой мэдээ