Ажлын бүтээмж нэмэгдүүлэх саналуудыг шалгаруулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-18 12:38:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохион байгуулдаг “Бүтээлч санаачилга-2018” сайн саналын системийн манлайлагчдыг алдаршуулах уулзалт боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаанд нийт 317 хүнийг алдаршуулж 26265 шилдэг саналыг цуглуулаад байна. Энэ удаа манлайлагчдын гаргасан саналыг эрэмбэлж 100 ажилтанг шалгаруулжээ.    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан бүр бүтээлч санал гаргах эрхтэй бөгөөд санал бүрийг 1000-15000 төгрөгөөр урамшуулдаг байна. Мөн үйлдвэрт нэвтрүүлсэн тохиолдолд 15-50 мянган төгрөгийн урамшуулал хүртдэг ба эдийн засгийн үр өгөөжөөс нь хувь хүртэх боломжтой ажээ. Түүнчлэн санал нь оюуны өмч бүтээл болбол хамгийн өндөр үр ашиг гэж үздэг бөгөөд 2018 онд гурван бүтээл оюуны өмчийн патент авсан байна.    

Сайн санал системийн манлайлагчдын нэг Цутгуурын цехийн удирдлагын суурь машины оператор Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Нийт гаргасан саналынхаа тал хувийг хэрэгжүүлээд байгаа. Үйлдвэрийн хөгжилд залуучуудын хувь нэмэр чухал учир хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн шинэчлэлтэй холбоотой саналууд гаргасан. Засвар механикийн заводын цутгуурын цехийн хувьд технологийн өөрчлөлтөд анхаарч, ажилд нэвтрүүлэх боломжтой ойр саналууд гаргаж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.    

Мөн Авто тээврийн байгууллагын хэлтсийн дарга С.Гантогоо “Би 21 санал оруулж, шилдэг 100 ажилтны нэг болсон. Манай хамт олон ашигтай олон санаачилга гаргаж ажилласан” хэмээсэн бол Баяжуулах цехийн засварчин Б.Тэгш-Оргил “Би эхэндээ сайн саналыг ойлгодоггүй байсан. Сүүлдээ туршлагатай санал гаргагчдаас зөвлөгөө авч ажилласан. Ажлын байрандаа сайн санал гаргах нь зөв юм билээ. Технологи, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч санал гаргасан. Үр дүнд нь ажлын орчин, ажлын үр дүн сайжирсан” хэмээсэн юм.

 

 

Холбоотой мэдээ