Н.Болормаа: Гамшгийн эрсдэлийг багасгахад эмэгтэйчүүдийн оролцоо чухал

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-17 18:24:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг багасгахад эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх хандлага, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлж чадна хэмээн “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний анхдугаар чуулганд оролцогчид онцолж байна. 



Тус чуулганыг Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран Төрийн ордноо өнөөдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 гаруй төлөөлөл оролцож байна.


Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, "Гамшигт өртсөн хүмүүсийн 60-80 хувь нь эмэгтэйчүүд байгаа дэлхийн үзүүлэлт бий. Монголын хэмжээнд ч байгалийн олон төрлийн гамшиг тохиолддог. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртдөг. Гамшгийн эрсдэлийг багасгах ажилд хүн амын 51 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүд ч тэгш оролцох ёстой. Учир нь эмэгтэйчүүд гэртээ илүү цагийг өнгөрөөж, үр хүүхэддээ нөлөөлөх, айл хөршдөө мэдээлэл дамжуулах, бусдыг соён гэгээрүүлэхдээ идэвхтэй байдаг. Гамшгаас хамгаалах хуульд байгууллага, аж ахуйн нэгжийн оролцох үүргийг заасан. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй гэж заагаагүй юм. Эмэгтэйчүүд ч гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байж, өрхийнхөө бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэдээлэл түгээж идэвхтэй оролцох боломж байна" хэмээв. 



Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд учирсан гамшгийн эрсдэлийн кэйс жишээнд тулгуурлаж, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, шийдвэр гаргах түвшинд ямар санал дэвшүүлэхээ зөвлөмжөөр боловсруулах юм. Оролцогчид гамшгийн эрсдэлийг багасгах ажил ба эмэгтэйчүүдийн оролцоо, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцүүлэг явуулж, илтгэл тавина.

Холбоотой мэдээ