Галын аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллахыг ААНБ-уудад үүрэг болгов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-16 22:15:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, түүнийг худалдан борлуулдаг 90 гаруй дэлгүүр, үйлчилгээний газар бий. Эдгээр ААНБ-ын төлөөллүүдтэй аймаг, сумын болон хууль хяналтын байгууллагын дарга, удирдлагууд уулзалт хийлээ. ААНБ-уудад галын аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллахыг энэ үеэр үүрэг болгов.

Баруун-Урт суманд караокед галд гарсантай холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд төлөвлөгөөт бус шалгалтыг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг үйлчилгээний газруудад хийжээ. Цагдаагийн газраас 13 ажлын хэсэг гарч, шалгалт хийхэд галын булангийн хэрэгсэл дутуу, аврах гарцгүй, цахилгааны утас ил задгай зэрэг нийтлэг хэд хэдэн зөрчил дутагдал байгааг анхаарууллаа. Харин Мэргэжлийн хяналтын газраас 13 улсын байцаагч таван хэсэгт хуваагдан шалтгалтыг хийж, 123 зөрчил илрүүлсэн байна. Цаашид ч энэхүү хяналт шалгалт үргэлжилнэ гэдгийг хэлж байлаа.

Аливаа эрсдэл, гамшиг осол гарсан хойно нь түүнээс сургамж авдаг, та бидний хэнэггүй, хайнга байдлаас болж эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна. Тиймээс цаашид төрийн болоод бусад ААНБ-уудын галын аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар санууллаа.

Мөн энэ талын хяналт, шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх, дахин нэгдсэн шалгалт явуулж, тавьсан шаардлагыг  биелүүлээгүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм. 

Холбоотой мэдээ