Арвайхээрт уран уншлагын "Уран жиргээ" наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Уран жиргээ-20” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтыг орон даяар сумдын түвшинд зохион байгуулж эхэллээ. Арвайхээр сумын ЗДТГ-аас “Уран жиргээ” наадмаа энэ сарын 14-ний өдөр зохион байгуулж, аймгийн наадамд оролцох шилдэг хүүхдүүдээ шалгаруулсан юм.
Цэцэрлэг, сургууль зэрэг 13 байгууллагаас шалгарсан 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх нас, сургуулийн бага нас, дунд нас, ахлах нас гэсэн дөрвөн насны ангилалд оролцож, авьяас билэг, ур чадвараа сорилоо. Наадамд сургуулийн өмнөх насанд тэргүүн болон дэд байрт орсон, сургуулийн насны ангилалд эхний гурван байрт шалгарсан хүүхдүүдийг аймгийн наадамд оролцох эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад сурталчлах, уран уншлагын урлагийг хөгжүүлэх, аймаг, улсын уралдааны шилдэг оролцогчийг сонгон шалгаруулах зорилгоор тус уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Уран жиргээ” наадмыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч нэрээрээ алдаршсан Жамбын Дашдондогийн санаачилгаар 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 20 дахь удаагийнх учраас “Уран жиргээ-20 жил” нэрийн дор явуулах болжээ.