TEDxDarkhan үйл ажиллагаа Дарханчуудын талархлыг хүлээлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-10-15 14:46:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханчууд олон улсын эрхтэй TEDx /TED нь шинэ сайхан санаануудыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн бий болгосон юм/ үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 10 дугаар 12-ны өдөр Дархан хотын 58 жилийн ойн өдрийг угтан аймгийн Залуучууд театрт зохион байгуулсан юм.

Дархан хотын залуустаа хэрэг болох үнэ цэнтэй санааг түгээн тэднийгээ уриалах, урамшуулах, шинийг хийхэд нь туслах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг хийхээр зорьсон аж. TEDxDarkhan-ы тайзан дээр тавьсан зөв санаа, эерэг шийдэл бүхий илтгэлүүд зөвхөн Залуучууд театрт хүрэлцэн ирсэн үзэгчдээр хязгаарлагдахгүй гэрлийн хурдаар дэлхийгээр түгэн, олон сая хүний оюуны мэлмийд хүрэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Энэ өдөр Залуучууд театрын тайз Дэлхийн тайз болж байна хэмээн TEDxDarkhan-ыг зохион байгуулагч, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг дүгнэж байлаа.

Дархан хотоос гаралтай болон салбар салбартаа манлайлагч 15 илтгэгч оролцож өөрсдийн туршлага, ололт амжилтаа шинэлэг байдлаар илтгэж, Дархан хотын залуучуудтай сонирхолтой түүхээ хуваалцлаа. Тухайлбал, Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюу Б.Нарандэлгэр "Хүн хөгжим" сэдвээр илтгэл тавьж Биет бус соёлын дундаршгүй их өвийг залуучуудад маш ойлгомжтой байдлаар тайлбарлалаа.

“Хүсэж байгаа газар руугаа яг одоо зээл аваад аял” хэмээн "Дэйл Карнеги" төвийн сургалт хариуцсан захирал Э.Чинзориг тэнд ирсэн үзэгчдэд хэлж бол Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул “Бид мөрөөдөхөөс илүүг хийж чадна” хэмээн урамшуулж байсан юм.

“Яг түүн шиг-2” шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогч, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн С.Гантогоо "Өмнө нь тэгээд дараа нь" сэдвээр илтгэлээ. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрээр 2007 онд БНСУ-ыг зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ.

“Bat solution partners” компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг “Нийгмийн синдром” илтгэлээр дамжуулан дауны синдром тойрсон асуудал руу үзэгчдийн анхаарлыг татлаа. Харин “Юнайтэд карьер консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ерөө “Аз жаргалаа олсон уу” сэдвээр үнэ цэнтэй санааг түгээж, Урлаг судлаач Б.Сэргэлэн Өөрөөрөө байхыг эрхэмлэн зөвлөлөө. Өөрийгөө өөрөөр харах бас нэгэн онцлог илтгэл бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, Доктор, профессор Н.Сувдаагийн тавьсан “Дэлхийн хүн” байлаа. Хоббигоо ажил болгохыг сагсан бөмбөг тайлбарлагч, спортын сэтгүүлч, Г.Идэр-Ууган санал болгож, гарц гаргалгааг нь зааж өглөө. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд” сэдвээр илтгэж, илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.

“Ай хотел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахын сайхныг "Хувь хүний хөгжил" сэдвээр, “Ай Ти Зон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга “Хөгжил” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр компани байгууллагынхаа эд зүйлийг мөнгөөр үнэлж болно харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс улсын хөгжил бол хүний хөгжил юм. Хэдий чинээ хүнээ хөгжүүлснээр тухайн улсын ирээдүй тодорхойлогддог тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Олон улсын TEDxDarkhan үйл ажиллагааны дараагийн илтгэгч эрдэмтэн, судлаач О.Нинжмаа Монгол Улс хөрсгүй орчинд бичил булцуу ургуулах технологи нэвтрүүлж Азийн 5 дахь орон болсон тухай, түүний цаана эрдэмтдийн ямар их хөдөлмөр тэвчээр байдгийг маш энгийнээр тайлбарлалаа.

Сэтгүүлч С.Батзаяа “Та амьдралаа бусдаар удирдуулж байгаа юм биш биз” сэдвээр илтгэл тавьж, “Та бол бусдад таалагдах албатай бараа биш” гэж онцоллоо.

TEDXDarkhan үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох TED ярилцлагын хүндэт зочноор Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Гал голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, Д.Мөнхөө уригдан оролцлоо. Тэрээр Монгол гэр бүлийн дэвшилтэт уламжлалыг өртөөлье сэдвийн дор Монгол гэр бүлийн үнэ цэн, Төрдөө хатан ухаан, гэртээ уран бэрийн ухаанаа зориулсан монгол эмэгтэйчүүд, Гэр бүлийн хамтын амьдралыг хэрхэн дэмжих асуудлаар ярилцсан юм.

TedxDarkhan үйл ажиллагааг Дархан төдийгүй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөл үзэж сонирхсон юм. Тэд 58 жилийн өмнө Дархан хотоо байгуулж байсан Залуучуудын хот энэ үйл ажиллагаагаар ирээдүйн оюуны шинэ бүтээн байгуулалтынхаа хуудсыг нээлээ хэмээн ярьж байлаа.

TedxDarkhan үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Дарханы Дулааны цахилгаан станц, "Дархан Ус суваг" ХК, "Сайн орших" ХХК, Топ дизайн, Мөнх Ундрам хүнс, Комфорт цогцолбор, Дашваанжил, "Сондор" ХХК, Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, "Хос Дог" студийн уран бүтээлчид тус тус ажиллалаа. Мөн үйл ажиллагааны үеэр GENERATION-Z сайн дурын клубийн 22 сурагч тусалсан юм.

Ийнхүү өдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд "Үнэ, цэнтэй санааг түгээн дэлгэрүүлэх" үзэл санааны хүрээнд Монгол улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулсан TEDxDarkhan үйл ажиллагаа бүтэн өдрийн турш Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээ