Математикийн улсын олимпиадад бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 15:37:09

Архангай аймгийн Цэцэрлэг хотод тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд математикийн улсын олимпиад болох бөгөөд Архангайн бүх сургууль үүнд ихээхэн ач холбогдол өгч, нийт бүлгийн сурагчдын дунд, анги сургууль сум аймгийн олимпиадыг зохион байгуулж, багш, эцэг эхчүүд, сурагчид өөр өөрийнхөө боломжоор хандив өгч эхэллээ.

Энэ жил энэхүү олимпиад МУБИС-ийн математик сургуулийн багш доктор профессор В. Адъяасүрэнгийн нэрэмжит болох аж.

Монгол Улсын хэмжээнд математикийн шинжлэх ухааны доктор ес байдгийн зургаа нь Архангай аймгийн уугуул иргэд байдаг гэж Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ сонирхууллаа.

Тооны ухаанаараа “толгой цохидог” Архангайхан 1990 оноос 2013 он хүртэл математикийн хичээллээр “сүүл мушгидаг” байсныг 2013 онд ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж “Математик” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 58 тоот тогтоолыг гаргасан явдал богино хугацаанд үр дүнгээ өгч, өнөөгийн байдлаар Архангай аймаг математикийн хичээлийн үнэлгээгээр аймаг, дүүргүүдээс зургадугаар байрт жагсаж явна.

Сүүлийн 3 жилд элсэлтийн шалтгалтанд тус хичээлээр хамгийн өндөр оноог Арын сайхан хангайн охид хөвгүүд авч, үүнийгээ дагаад техник технологийн чиглэлээр их, дээд сургууль элсэгчдийн хүрээ тэлж байгааг аймгийн боловсрол, соёлын газрын дарга А.Амгаланбаатар онцлов.

                Архангай аймаг  Л.Булган

Холбоотой мэдээ