АСЕМ-д ашиглах нано материалын технологийг “Nanobrick” компани нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-12 14:47:19

СӨҮЛ. /Koreatimes/.  Хувилж ашиглаж болдоггүй нано материалын технологийг Ази-Европын дээд хэмжээний уулзалтад /АСЕМ/ зориулан Өмнөд Солонгосын “Nanobrick” компани нийлүүлнэ.

Монголын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сард болох АСЕМ-ын уулзалтад оролцох 53 орны төр, засгийн тэргүүн нарын өдөр тутмын хэрэглээний зүйлс, ус ундаа, хоолны эрүүл ахуй ариун цэвэр, аюулгүй байдлыг хангахуйц бүтээгдэхүүний баталгаажуулалтын албан ёсны хэмжүүрээр “Nanobrick” компанийн "M-Tag" технологийг сонгосон байна.

"Бидний зохион бүтээсэн технологийг дэлхийн хэмжээний уулзалтад ашиглахаар болсон нь нэр төрийн хэрэг юм. Энэхүү нано материалын технологи нь АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг ханган амжилттай зохион байгуулах гэсэн Монголын Засгийн газрын хүчин чармайлтад тус дөхөм болно хэмээн бид найдаж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жеймс Жү ярьж байна.

Хуурамч бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хөндсөн тулгамдсан асуудал болоод байгаа тул 150 компаниас нийлүүлэх хоол хүнс, ус ундаа, өдөр тутмын хэрэглээний зүйлсийг шалгахад зориулсан "ASEM-Tag" системийг танилцуулна гэдгээ уг уулзалтыг зохион байгуулах хороо өмнө нь мэдэгдэж байсан билээ.

"Өмнөд Солонгосын нано материалын технологийг ашиглан бүтээсэн “ASEM-Tag” системийг туршин үзсэн шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан уг технологийг “АСЕМ-2016” уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангахад ашиглахаар шийдвэрлэсэн" гэж Монголын “MOSHEA” ТББ-ийн ерөнхийлөгч Б.Батбаатар ярилаа. Мөн түүний хэлснээр “ASEM-Tag”-ийг олон улсын бусад арга хэмжээний үеэр ашиглаж болох аж.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ