Элэгний эрүүл мэндийг шалгах тест хүрэлцсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 13:55:45

Увс аймгийн ЗДТГ-аас “Элэгний эмч нарын холбоо” ОНОМ сантай хамтран элэгний В, С вирусын эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлэх “Эрүүл элэг” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээнд 6000 хүн хамруулахаар болсон бөгөөд ердөө энэ хоёрхон хоногийн дотор шинжилгээ хийгдэж дууслаа. Аймгийн төвийн 4 өрхийн эрүүл мэндийн төв болон 18 сумын эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүдээр энэхүү шинжилгээ хийгдсэн юм. Улаангом сумын нэг өрхийн эрүүл мэндийн төв гэхэд 7000 гаруй хүн амыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 400 гаруй тест ирсэн нь хаанаа ч хүрэлцээгүй байна. Шинжилгээгээр вирустай гарсан иргэд 6000 төгрөгний үнэтэй вакцин хийлгэсэн бөгөөд энэ вакцин ч мөн дуусчээ. Иймээс элэгний В, С вирус илрүүлэх тест болон вакциныг нэмж авах шаардлага тулгараад байна.

Увс аймгийн хувьд элэгний өвчлөлөөр улсад 3-р байранд явж байгаа бөгөөд цаашдаа иргэдийнхээ элэгний эрүүл мэндэд анхаарахгүй бол өвчлөл улам газар авах төлөвтэй байгаа юм.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ