Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2019-10-09 15:12:10

ЖЕНЕВ. /RIA Novosti/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ жил бүрийн 10 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг харааны өдрийг тохиолдуулан дэлхийн иргэдийн хараатай холбоотой тайлангаа нийтэлжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дээр харааны бэрхшээлтэй эсвэл хараагүй болсон дор хаяж 2.2 тэрбум хүн байна. Үүнээс 1 гаруй тэрбум нь урьдчилан сэргийлэх эсвэл зохих эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас хараагүй болон харааны бэрхшээлтэй болжээ.


“Өнөөдөр катарактын мэс заслын тусламжтайгаар нэг өдрийн дотор хараа орж болох боловч хараагүй эсвэл харааны бэрхшээлтэй 65 сая хүн байгаа бол шил худалдан авч зүүх боломжгүйн улмаас 800 сая гаруй хүн бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чадахгүй байна. Энэ байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Нүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр чанартай үйлчилгээ авдаг байх ёстой. Нүдний эмгэгийн тусламжийг үндэсний хөтөлбөр болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний багцад оруулах нь улс орон бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын чухал хүчин зүйл юм” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.


ДЭМБ-ын мэдээлснээр, амьдралын хэв маягийн өөрчлөлт, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад нүдний эмчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа нь харааны бэрхшээлтэй болох гол хүчин зүйлүүд болж байна. Хөдөө аж ахуйн бүсэд амьдардаг, амьжиргааны түвшин доогуур хүмүүс, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнх болон уугуул иргэд нүдний эмгэг, хараа муудах асуудалтай илүү их тулгардаг ажээ.


Холбоотой мэдээ