176 оюутанд 200 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-09 15:11:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд нийт 176 оюутныг хамруулахаар сонгожээ. Оюутнуудад 207 сая төгрөгийн тэтгэлгийг өгөхөөр болсон бөгөөд тэнцсэн оюутнуудтай энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд гэрээ байгуулж, батламж олгох юм байна. 

Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан нь улсын хэмжээнд анхдагч болжээ. Оюутнуудыг тэтгэлэгт хамруулахдаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан, нэр бүхий 14 их, дээд сургуулийн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудыг сонгодог байна. 

Ташрамд, Гурав дахь жилдээ хэрэгжиж буй тус тэтгэлгийн хүрээнд өмнөх жилүүдэд 217 оюутанд 320 сая төгрөгийн тэтгэлэг олгож байжээ.

Холбоотой мэдээ