Хонконгийн бирж Лондоны биржтэй нэгдэх төлөвлөгөөнөөсөө татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн хөрөнгийн бирж /HKEX/ Лондоны хөрөнгийн биржтэй 36.6 тэрбум ам.доллароор нэгдэх саналаасаа татгалзсан байна. Энэ нь Их Британийн тал тохиролцох сонирхолгүй байгаатай холбоотой гэж тус хөрөнгийн бирж мэдэгджээ.
“Хоёр биржийн нэгдэл нь стратегийн хувьд сонирхол татах бөгөөд дэлхийд тэргүүлэгч зах зээлийн дэд бүтцийн бүлэг байгуулж чадна гэж HKEX-ийн захирлуудын зөвлөл урьдын адил үзсэн хэвээр байна. Хэдийгээр санхүүгийн зохицуулагчид, хувьцаа эзэмшигчидтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа боловч захирлуудын зөвлөл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд LSEG-ийн удирдлагатай хамтран ажиллаж чадаагүйд сэтгэл дундуур байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Хонконгийн хөрөнгийн бирж нэгдэх саналыг есдүгээр сарын 11-нд тавьсан боловч хоёр хоногийн дараа татгалзсан хариу авчээ. Лондоны хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлснээр, тус биржийн захирлуудын зөвлөл, мөн санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд энэ саналыг “түр зуурынх, хэрэггүй, маш өндөр болзолтой” гэж үзсэн байна.
Үүний дараахан Хонконгийн тал LSEG-ийн хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг татахын тулд үнэлгээгээ нэмэхийг оролдож байна гэх мэдээлэл гарсан боловч ийм зүйл болоогүй байна. Их Британийн санхүүгийн зохицуулагчийн журмын дагуу HKEX саналаа 10 дугаар сарын 9-ний дотор албан ёсоор гаргаж болох бөгөөд эсрэг тохиолдолд зургаан сарын дараа шинээр гаргаж болох аж.
2012 онд HKEX Лондоны металлын биржийг /LME/ 2.1 тэрбум ам.доллароор худалдан авчээ.