Б.Бат-Эрдэнэ: Отрын бүс нутаг өгөөжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-06 14:48:40

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэтэй отрын бүс нутгийн талаар ярилцлаа.


          - Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Манай аймагт байдаг отрын бүсийг татан буулгах хэрэгтэй гэсэн санал гараад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

- Өвөрхангай, Дундговь аймгийн малчдын санаачилгаар нутгийн удирдлагын байгууллага асуудал тавиад 2009 онд Засгийн газрын шийдвэрээр “Чилэнгийн отрын бүс нутаг” гэж байгуулсан. Манай аймгийн Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс отрын бүс нутагт оруулсан. Үндсэндээ 10 жил энэ бүсийг ашиглаж байна. Жил ирэх тутам малын тоо толгой өсч бэлчээрийн даац хүрэлцэхгүй болж байгаа. Дээр нь отрын бүс нутагт 30-40 мянган толгой мал жилдээ орж ирж байгаа явдал үнэхээр хүндрэл учруулаад байна. Тухайн нутгийн малчид болоод оторчдын мал онд тааруухан орж отрын бүс үр дүнгээ өгөхгүй байгаа талаар бид яриад байгаа юм.

Засгийн газрын тогтоол гараад бүс нутгийн хэмжээнд удирдлага, малчдыг оролцуулаад ярилцсан зүйл нь хэрэгжээгүй. Жил бүр худаг гаргаж, бэлчээрийг сайжруулах, хамгаалах арга хэмжээ авна. Тухайн жилд цаг агаарын байдлаас шалтгаалаад тодорхой тооны мал оруулж байна гэж ярьсан боловч хэрэгжихгүй байгаа юм. Одоо отрын нүүдэл хийе гэсэн малчид зөвшөөрөлгүй ороод ирдэг. Малын гарал үүслийн бичиг байдаггүй. Малчид дураараа отрын бүс рүү дайраад байгаа юм. Гол нь төр захиргааны байгууллагын зохицуулалт дутагдаад байна.

Дээрх сумд ярьж байгаад татан буулгах санал гаргаж байгаа. Тухайн орон нутгийн мал багтахгүй байна.

- Танай сумын хувьд байдал ямар байна вэ?

- Рашаант сум гэхэд томоохон сумын нэг багийнхтай тэнцэх хэмжээний газар нутагтай. 100,0 мянган га газар нутгийн 30-аад мянга нь улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Газар тариалангийн эдэлбэр газар 20 мянга га байна. Үлдэж байгаа  нутаг дээр манай сумын 210 мянга гаруй мал бэлчээрлэдэг. Дээрээс нь отрын бүс нутгийн газрыг зааглахаар манай сумын мал “босоогоороо зогсоод” багтахааргүй болоод байгаа. Ийм учир шалтгааныг тайлбарлаад яриад байгаа юм.

- Отрын бүс нутгийг үр дүнтэй ашиглах боломж байгаа юу?

- Өндөр хэмжээний татвар тавьж өгөх хэрэгтэй санагддаг. Тэр орлогоороо аль нэг сум санхүүжүүлэхгүй бэлчээрээ нөхөн сэргээх чиглэлээр ажил зохион байгуулбал яасан юм бэ гэсэн санал байгаа. Ер нь малын гарал үүслийн бичгийг анхаарахгүй бол болохгүй байна. Өнгөрсөн онд гарсан малын шүлхий өвчин үүнээс л гарсан. Малын замбараагүй шилжилт хөдөлгөөн янз бүрийн өвчнийг чирээд ирдэг. Тэгээд өвчин гарсан газар нь буруудаад үлддэг.

- Отрын бүс нутагт тулгамдсан өөр асуудал байна уу?

- Жил бүрийн хавар малын сэг зэм их цэвэрлэдэг боллоо. Отрын бүст өвөлжихөөр орж ирсэн малын тал нь хорогдоод буцаж байгаа. Нутаг солиод малын хэвтэр алдагддаг. “Дунд идэш, дулаан хэвтэр” гэж хууччуул ярьдаг. Намар орой нүүсэн мал хэвтрээ олж чадахгүй байсаар жиндээд хорогдох шалтгаан болж байна. Отрын малчид нүүгээд нутаг буцахад хорогдсон малын сэг зэмийг нутгийнхан л дарж булах, ариутгах ажил хийж байгаа. Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант сумынхан үндсэндээ малын сэг зэм цэвэрлээд их зардал гаргаж байна. Тийм болохоор отрын бүс нутгийг цэгцэлье гэсэн санал тавьж байгаа.

Холбоотой мэдээ