Б.Цэрэн: Өндөр ургац авах нэг үндэс гэвэл үрийн бригад байгуулсан явдал

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-06 11:48:12

Булган /МОНЦАМЭМанай Улсын анхны гавьяат агрономичдын нэг Булган аймгийн Сэлэнгэ сумын агрономич Болдын Цэрэнтэй уулзаж ярилцлаа. Энэ эрхэм шагналыг Монгол Улсад анх удаа 1974 онд олгоход Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн ерөнхий агрономич А.Чардагийн хамт хүртжээ.


- Атар газар эзэмших эхний жилүүдийн боловсон хүчин сургууль төгсөөд ажлын талбарт томилогдож байсан байх аа.

- Тийм ээ. Шууд ерөнхий агрономич болсон. Би Увс аймгийн Хяргас сумын хүн. 1957 онд Увс аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгсөж, Хөдөө аж ахуйн сургуульд агрономын ангид элсээд 1961 оны дөрөвдүгээр сард төгссөн. Хөдөө аж ахуйн яамны тушаалаар Ингэттолгойн сангийн аж ахуйд ерөнхий агрономчоор томилогдон ирсэн. Сэлэнгэ суманд агрономич байхгүй, маш их тариа тарьж эхэлсэн, атар газар ихтэй ийм үе байсан. Энэ үеэс эхлэн арвин их ургац авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн.

- Та энэ сангийн аж ахуйд ирээд хамгийн түрүүнд юу хийсэн бэ?

- Атар газар хагалах ажилд орсон. Хутаг-Өндөр сумын Хантайн Хатавчийн хөндийд 4000 га атар газар хагалуулсан. Улаантолгой гэдэг газар манай сумын нэг том тасаг байсан. Тэнд бас атар газар хагалсан. Сүүлд нь нэмж Сэлэнгэбүрэнд 4000 га атар газар хагалсан. Ингээд 1976 онд Эрдэнэт хотыг байгуулж манай Улаантолгой сангийн аж ахуйг Эрдэнэт хотын харьяаны сангийн аж ахуй болгосон юм. Тэгэхэд тэнд газар тариалангийн 8000 га эргэлтийн талбай үлдсэн. Тэр ондоо Хөдөө аж ахуйн яамнаас Улаантолгойн сангийн аж ахуйд үлдсэн газрын оронд Сэлэнгэ, Булган аймаг хоёрын хилийн зааг нутаг Сангалтайд 6000 га газар хагалах зөвшөөрөл өгсөн. Бид 75 трактортой очоод 15 хоногт 5200 га газар хагалаад 1977 онд тариа тарьж, 12500 тонн ургац авч байсан.

- Арвин ургац авч байсан юм уу даа.

- Зарим талбайгаас га-гаас 51 центнер ургац авч байсан. Манай сангийн аж ахуй жил бүр тогтмол өндөр ургац авч 1975, 1976 оны үед улсын тэргүүний сангийн аж ахуй болж байлаа. Улсын хэмжээний нэгдэл сангийн аж ахуйнуудын тариаланчдын үзүүлэх сургалтыг манайд хийж байсан. Тариа тарьдаг мэргэжлийн хүн яаж ажилладаг талаар манайхны туршлагыг судалж байлаа. Тухайн үед ургацыг тогтмол өндөр авдаг байсан. Тэр он жилээс хойш манай сангийн аж ахуй жил бүр улсад байр эзэлсэн. Тэр үед л энэ сайхан хамт олныг бүрэлдүүлсэн гэж би боддог.

- Сэлэнгэ сумаас атрын баатрууд хэд хэд төрсөн байдаг шүү дээ.

- 1971 онд гэхэд л Б.Галт-Очир, Б.Лхагваа гээд хөдөлмөрийн хоёр ихэр баатар, дараа нь 1974 онд Г.Дэмбэрэл баатар болсон. Миний үед гурван баатар төрсөн юм. Манай сангийн аж ахуй дөрвөн хөдөлмөрийн баатартай. Д.Баасандамба гээд хөдөлмөрийн баатар хүн байсан. Тэр үеийн тариаланчид маш их идэвхтэй ажиллана. Тухайн үед САА-н дарга Цэрэн-Очир гэж хүн байсан, болзолт уралдааныг маш их өрнүүлнэ.

- Хамт ажиллаж байсан баатруудынхаа тухай дурсана уу?

- Манай баатрууд их онцлогтой. Баасандамба гэхэд л үр тариаг хаягдалгүй хураадгаараа алдартай. Тариан талбайд комбайнаа нүргэлүүлж ороод 100 метр зам туулаад л будааныхаа функерээ дүүргэдэг. Лхагваа баатар цаг маш их ашигладаг. Хоол цайнд 15 минут л зарцуулна. Ажилсаг хүмүүс дээ. Их олон хүний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр энэ сангийн аж ахуй алдартай сангийн аж ахуй болж, алдартай баатрууд төрж, олон ч хүн улсын том том шагналуудыг авсан. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор олон хүн энгэрээ мялааж, хөдөлмөрөө үнэлүүлсэн.

- Баатруудын хөдөлмөр алдраар нэрлэгдсэн тариалангийн талбай байдаг байх аа.

- Бий. Тухайн үедээ хамгийн өндөр амжилт гаргасан тохиолдлоор нь нэрлэх болсон. Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очир Улаантолгойн сангийн аж ахуй манай харьяанд байх үед нэг өдрийн дотор 107 га газар хагалж байсан. Үнэхээр том ажил. “ДТ-75 тракторын дөрвөн өдрийн ажлыг нэг өдөрт хийгээд Галт баатрын 107 га гэдэг нэртэй болсон. Бас механикжуулагч Лхамсүрэн гэдэг хүн байлаа. Дугуйт трактороор өдөрт 50-60 га газар хагална. Ер нь манай сангийн аж ахуйнхан жигд их хөдөлмөрч хүмүүс л дээ.

- Ингэттолгой сангийн аж ахуй ямар шагнал авч байсан билээ?

- Манай сангийн аж ахуй 1979 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Улсын хэмжээнд Ингэттолгой, Хар хорины сангийн аж ахуй гэж л ярьдаг байсан. Хамгийн их ургац авдаг байлаа. Аймгийн удирдлага Ингэттолгойн сангийн аж ахуйн туршлагыг нийт сангийн аж ахуй, нэгдлүүдэд хэрэгжүүлнэ гээд манай мэргэжилтнүүдийг өөр газарт ажиллуулдаг байлаа. Алтанхуяг инженерийг Хутаг-Өндөр суманд, Цэдэндамбаа агрономичийг Баян-Агт суманд нэг жил ажиллуулсан. Хөдөлмөрийн баатар Д.Баасандамба гуайн хүү Б.Самдандоржийг Рашаант сумын “Сансар” тэжээлийн аж ахуйд ажиллуулсан. Тэр үед манай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Цэрэннадмид гэж мундаг хүн байсан. Энэ хүн газар тариаланг хөгжүүлэх, туршлага судлах, Ингэттолгойн сангийн аж ахуйн туршлагыг нийт аймгийн хэмжээгээр нэвтрүүлэх, хаврын тарилалтын үеэр үзүүлэх сургалт хийх, бусад нэгдэл, аж ахуйгаар явж зааж сургах ажлуудыг зохион байгуулдаг байсан.

Цэрэн-Очир гэдэг хүн манай сангийн аж ахуйн даргаар хамгийн удаан хугацаанд ажилласан хүн. 1962 онд ирээд 20 гаруй жил болсон. Цэрэн-Очир даргын үед газар тариалан дээд үедээ хүрч хөгжсөн. Манайх хамгийн оргил үедээ буюу 1988 онд 20 гаруй мянган тонн будаа авч байлаа. Аймгийн хэмжээгээр тэр үед газар тариалангийн маш их туршлагатай болж 100 гаруй мянган тонн будаа хураасан. Манай аймаг улсын хэмжээгээр газар тариалангаараа гуравт ордог. Сэлэнгэ, Төв, Булган аймаг л гэж ярьдаг.

- Хамт олныхоо тухай дурсаач? Таныг гавьяат агрономич цол хүртэж байх үед “газар, хүн, техникээ сайн мэддэг” гэж тодорхойлж байжээ.

- Манай хамт олон ах дүүсэг, найрсаг хүмүүс. Бүтээлч, хөдөлмөрч хамт олон. Аав нь ах нь гээд бүгд л хүүхдүүдээ тариа тарихад сургадаг. Толя гээд гавьяат механикжуулагч байна. Тэдний хүүхдүүд, дүү нар нь тракторын жолооч. Их мундаг хүмүүс олон төрсөн юм даа. Ахмадууд их олонтой. Б.Цэдэндамба гээд манай үрийн агрономич байна. С.Лхагва-Очир гээд мундаг жолооч байна. Тариаланчдын техникийг шатахуунаар таслахгүй зөөдөг байсан. Б.Галт–Очир баатрыг аймгаас шийдвэр гаргаад төрөлх Тэшиг сум руу ажиллуулахаар явуулсан.

- Тариалалт, ургац хураалт үе дөхөхөөр тариаланчид “хоолоо сойж” биеэ бэлддэг байсан гэж сонссон юм байна. Худлаа ч байж магад. Тэгэхдээ ургацаа хурдан хураах юмсан гэхдээ “нойр хүрдэггүй байсан” гэж ярьдаг.

- Манай жолооч нар барагтай л унтахгүй ажилладаг байлаа. Сангийн аж ахуйн хоёрдугаар тасагт Раднаа, Лхамсүрэн гээд жолооч байсан. Уралдаанд өрсөлдөгчөөсөө илүү гарахын тулд нэгнээ хөөрхөн чаддаг байсан байгаа юм. Нэг удаа Лхамсүрэн гуай Раднааг гуайг унтуулахын тулд хонхорт очиж трактороо унтраагаад хэвтчихсэн. Тэгсэн Раднаа хагалж байсан газраа 2-3 удаа тойрчихоод Лхамсүрэн явчихаж, маргаашийн болзол баараггүй минийх гээд бригаддаа очоод унтчихсан чинь Лхамсүрэн гуай явсан хойгуур нь эргэж газраа хагалаад улсын болзол хангаж байсан түүхтэй. Хүн бүр ургац авна, хийнэ, бүтээнэ гэсэн тийм их тэмүүлэлтэй, зүтгэлтэй сайхан үе байлаа. Үнэхээр хамт олонч сайхан улсууд.

- Таны бодлоор хамгийн их ургац авч байсан туршлага чинь юу байсан бол?

- Уриншийг маш сайн хийдэгт байсан болов уу. Уринш бэлтгэсэн ажлын чанараар алтан медаль авч байлаа. Уранш боловсруулах ажилд их судалгаа хийж хэрэгжүүлсэн арга, санаачилга бий. Ингэттолгой ургацаараа тухайн үеийн төв дөрвөн байгууллага нам, Засгийн газар, үйлдвэрчний төв зөвлөл, хувьсгалт залуучуудын эвлэлийн уралдааны 6-7 удаа шагналыг нь авсан. Болзол хангахад жилд 30 мянган төгрөг авдаг байсан. Олон ч уралдааны болзлыг хангаж шагнал авсан даа. Үүнийгээ дагаад манай тариланчдын амьдрал ахуй их сайжирсан. Тракторчин, камбайнчдын цалин 500-700 төгрөг болсон байсан. Тракторчин Толя намрын ургац хураалтаар 8000 төгрөгийн урамшуулал авч байлаа. Тэр үеийн 8000 төгрөг чинь маш их мөнгө шүү дээ.

1990 оноос эхлээд газар тариланг хувьд шилжүүлэх асуудал гарч ирээд, тэр үед манайд арваад түрээсийн гэрээ байгуулсан.

Тариа будааг өндөр ургац авдгийн бас нэг үндэс гэвэл үрийн бригад байгуулсан явдал юм. Тэр үед Цэдэндамба гавьяат үрийн агрономичоор ирээд, хоёрдугаар бригадад зөвхөн үр үржүүлдэг байлаа. Үржүүлсэн үрээсээ аймаг, орон нутагтаа нийлүүлэх, аж ахуйнхаа хэрэгцээнд тарих ажлыг хийдэг. Цэвэр сортын үр гэдэг чинь ургац их авахын үндэс. Бас техникийн ашиглалт их сайн байсан. Манайхаас маш олон аваргууд төрсөн шүү дээ. Улсын аварга гэхэд л 30 гаруй хүн бий. Аварга тракторын жолооч, аварга бригад, аварга салаа, хадлангийн аваргууд гээд л олон. Тэр үед хадлангийн бригад 12000 тонн хадлан авч улсын фондод өгөх үүргээ бүрэн хангадаг байлаа.

- Та атрын аж ахуйн анхны агрономич, мэргэжлийн хүн гээд хорин хоёр настай ирж байжээ. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас дурсан санавал?

- Намайг ирэхэд агрономич байхгүй, атрын их олон бригадтай, их хүнд байж билээ. Би өөрөө шинэ хүн учраас хэцүү санагдаж байсан. Тухайн үед Б.Галт-Очир гэж мундаг хүн байсан. Түүнээс их зүйлийг сурсан. Идэвх зүтгэл гаргаж ажилласны үр дүнд 2, 3 жил болоод хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Сангийн аж ахуй, нөгөө талаас тариаланчид маань намайг их дэмжиж тусалдаг байлаа. Би мэргэжлийн хүний хувьд зургаан жил ганцаараа ажилласан. 1966 онд агрономич Цэдэндамба ирсэн. Түүнээс хойш олон агрономичтой болж газар тариаланг эрхлэн явуулах мэргэжилтнүүд олон болсон.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ