Британийн Төрийн сайд Хедер Уилэр манай улсад айлчилж байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-02 17:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-3-нд манай улсад айлчилж буй ИБУИНХУ-ын Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Хедер Уилэрийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний механизм болох Дугуй ширээний ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцсон юм. 


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өрнөдийн улс орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон ИБУИНХУ-тай найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, олон улсын аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр Монголын ардчиллын өнөөгийн байдал, “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар танилцуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Британийн Ерөнхий сайдын томилсон Монголыг хариуцсан Худалдааны элч Жулиан Найтыг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.


Британийн Төрийн сайд Х.Уилэр айлчлалынхаа үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нартай тус тус уулзалт хийж, Оюу толгойн уурхайд зочлох юм.


Холбоотой мэдээ