Оюутны универсад наадмыг Өлгий хотод амжилттай зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-01 12:03:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны "Универсад-2019" спорт, урлагийн ХХІІ их наадам есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд боллоо.

Их наадамд Ховд их сургууль, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас 200 орчим тамирчин оролцож, гар бөмбөг, үндэсний бөх, шатар, ширээний теннис, модон бөмбөг зэрэг спортын таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Спортын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Ховд их сургууль тэргүүлж, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль удаах байруудад орсон байна. Харин Баян-Өлгий аймгийн тамирчдын хувьд шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны универсад наадмыг 2020 онд МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль зохион байгуулна. 

Холбоотой мэдээ