Эх барих, нярайн эмч сувилагч нарыг чадавхжууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-30 21:30:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Эрүүл төрөлт ба Аз жаргалтай хүүхэд” төслийн  хүрээнд "Нярайн зүрх-уушгины амилуулах тусламж" сургалт энэ сарын 28-нд  Дундговь аймагт боллоо.

“Эрүүл төрөлт ба Аз жаргалтай хүүхэд” төслийг Олон улсын Ротари сан, Гинован ротари клуб, Ёкохама-Каназава ротари клуб, Туул ротари клуб хамтран хэрэгжүүлдэг ажээ.

Сургалтад тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих болон нярайн эмч, эх баригч, сувилагч, Эрдэнэдалай, Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлгийн эх барихын эмч нар оролцжээ.
Тус сургалтаар бүтэлттэй, эрсдэлтэй төрсөн нярай хүүхдэд сэхээн амьдруулах арга хэмжээ, тусламж үйлчилгээг зөв үзүүлэх мэдлэг олгож, Япон Улсад үйлдвэрлэсэн нярайн сэхээн амьдруулалтын загвар хүүхэлдэйг ашиглан дадлага сургууль хийх чадвар эзэмшүүлсэн ажээ.
Энэ үеэр долоон сая төгрөгийн өртөг бүхий тус загварыг дагалдах хэрэгслийн хамт Нэгдсэн эмнэлэгт гардуулан өгчээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал "манай аймгийн төрөх тасагт жилд 1100 орчим эх төрдөг бөгөөд сүүлийн 10 жилд эхийн эндэгдэлгүй ажилласан. Мөн нялхсын эндэгдэл улс аймгийн дундаж түвшнээс доогуур байгаа. Бид цаашдаа шинээр мэндэлж буй хүүхэд бүрийг амьдруулахын төлөө ажиллах нь чухал юм. Энэхүү сургалтаар эх барихын эмч, сувилагч, нярайн эмч сувилагч нараа  чадавхжууллаа" гэсэн юм.

Холбоотой мэдээ